Дэлхийн банкны санхүүжилтээр хувийн хамгаалах хэрэгслийн багц гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-01 13:20:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн банкны Цар тахлын онцгой байдлын сангаас нэг сая ам.долларын буцалтгүй тусламжийн хүрээнд хувийн хамгаалах хэрэгслийн багцыг өнөөдөр гардууллаа.

 

Дэлхийн банкны санхүүжилтээр “Монгол Улсын Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийг 2020 оны 4 дүгээр сараас хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, олон нийтийн оролцоог хангах, хүний нөөцийг хөгжүүлэх, эмнэлгийн болон лабораторийн тоног төхөөрөмж, урвалж, хувийн хамгаалах хэрэгслээр хангаж байгаа.

 

Тухайлбал, 21 аймаг, 9 дүүргийн эмнэлэгт амьсгалын аппарат, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тоног төхөөрөмж, Хан-Уул дүүргийн Эх хүүхдийн эрүүл мэндийн эмнэлэг, Улсын Гуравдугаар төв эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт цар тахлын үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад нэн шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүллээ. Үүний үр дүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, оношилгоо эмчилгээ, өвчтөний асаргаа, лабораторийн хүчин чадал бэхжих боломж бүрдэж байна.

 

Хувийн хамгаалах хэрэгслийн багцад:
·         Нэг удаагийн бээлий- 4103000 ширхэг
·         Нэг удаагийн маск-218 000 ширхэг
·         Комбинзон  -36,000 ширхэг
·         N95 маск -28500 ширхэг
·         Нүдний шил - 6000 ширхэг
·         Нүүрний хамгаалалт -6000 ширхэг тус тус багтжээ.

 

 

Үүний зэрэгцээ нэмэлт санхүүжилт болох 50.7 сая ам.долларыг төслийг Дэлхийн банкны захирлуудын зөвлөл 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдөр баталсан. Тус санхүүжилт нь цар тахлын эсрэг вакциныг харьцангуй хямд өртгөөр, тэгш хүртээмжтэй нийлүүлэх, вакцины хүйтэн хэлхээг бэхжүүлэх, боловсон хүчний чадавх бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

 

Энэхүү ёслолд Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр, Эрүүл мэндийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа болон Дэлхийн банкны Монгол Улс хариуцсан менежер бөгөөд суурин төлөөлөгч Андрей Михнев, Дэлхийн банкны гадаад харилцааны мэргэжилтэн Б.Индра нар оролцлоо.



Холбоотой мэдээ