Голомтот бүс нутгаас ирсэн иргэдийг 7 хоног төлбөртэй нөхцөлөөр тусгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-29 09:10:07

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой комисс энэ сарын 28-ны өдөр ээлжит VII хуралдаанаа хийж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Үүнд:

1. Аймгийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг ирэх зургадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгав;

2. Аймгийн хэмжээнд энэ сарын 30-ны өдрөөс эхлэн олон нийтийг хамарсан /хурал, жагсаал, цуглаан, соёл урлаг, биеийн тамир, спортын үйл ажиллагаа, хонжворт сугалаа, хурдан морины уралдаан зэрэг/ арга хэмжээ зохион байгуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглов;

3. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах зорилгоор энэ сарын 29-ний өдөр эхлэх сурагчдын ээлжит амралтыг хойшлуулав;

4. Коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэн голомтот бүс нутаг руу гарах болон орох хөдөлгөөнийг энэ сарын 29-ний өдрийн өглөөний 06:00 цагаас эхлэн зогсоов;

5. Голомтот бүс нутаг руу албан ажил, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ (13А, 15Б маягт, Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогчийн тодорхойлолт, эмч нарын  зөвлөгөөний шийдвэрийг үндэслэх), хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, нүүрс, түлээ, малын өвс, тэжээл, барилгын материал, уул уурхайн ээлж солилцох ажлаар яваа тээврийн хэрэгсэл, зорчигчийг цахим болон албаны үнэмлэх зэрэг бичиг баримтыг үндэслэн зөвшөөрлөөр нэвтрүүлэхээр болов;

6. Цар тахлын голомтот бүс нутгаас ирсэн иргэдийг энэ сарын 30-ны өдрийн өглөөний 06:00 цагаас эхлэн тусгаарлан ажиглах байранд 7 хоногийн хугацаагаар төлбөртэй нөхцөлөөр тусгаарлахаар шийдвэрлэв.

7. Энэ сарын 30-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотоос буюу голомтот бүс нутгаас тээвэрлэн ирсэн бүх төрлийн ачааг нэг доор буулгаж, тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагаар ариутгал халдваргүйтгэл хийлгэж эздэд хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгов;

8. Голомтот бүс нутгаас тээвэрлэн ирсэн ачаа барааг буулгах, ариутгал халдваргүйтгэл хийх объектын зориулалтаар Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах малын болон техникийн захуудын хашааг ашиглахаар тус тус шийдвэрлэлээ.

Холбоотой мэдээ