Бор-Өндөрт үүссэн нөхцөл байдлын талаар хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-03-25 21:03:18
Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Шуурхай штабын бүрэлдэхүүн өнөөдөр Бор-Өндөр, "Бор-Өндөр" УБҮ-ийн удирдлагууд, хил залгаа Дархан, Баянмөнх сумын шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахимаар хуралдав. Энэ үеэрээ Бор-Өндөр суманд үүссэн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, аймгийн Онцгой комиссыг хуралдуулсан юм.
Нөхцөл байдлыг тодруулбал, Бор-Өндөр сумын урд байрлах Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Радио лакоторын станцад ээлж солигдохоор PCR болон түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч Улаанбаатар хотоос ирсэн ажилтнуудаас 2021.03.25-ны өглөө түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг хариу гарчээ. Улмаар ийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул PCR шинжилгээ авч, онош тодруулах, ойрын хавьтал, маршрутыг тогтоох судалгааны баг, хариу арга хэмжээ авах баг ажиллаж байна. Тус сумын Онцгой комиссын шийдвэрээр 24 цагийн хөл хорио тогтоогоод байгаа аж.
Түргэвчилсэн оношлуураар эерэг хариу гарсан нь эцсийн хариу, коронавирус батлагдлаа гэсэн үг биш юм. Бор-Өндөр суманд гарсан сэжигтэй тохиолдлоос болон хавьтлуудаас PCR шинжилгээ авч байгаа бөгөөд өнөөдөр орой аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторид хариу гарна гэж Хэнтий аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.
Иргэд та бүхэн шаардлагагүй бол хөл хөдөлгөөнтэй газраар зорчихгүй гэртээ байх, ариун цэврийн дэглэм сахиж, гэртээ ариутгал халдваргүйтгэл хийх, олон нийтийн газраар зорчихдоо амны хаалт тогтмол зүүж, зай барихыг аймгийн Шуурхай штабаас анхааруулж байна.

Холбоотой мэдээ