Хэнтий аймгаас төрсөн хурандаа цолтон нэгээр нэмэгдлээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-03-25 15:29:19
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн дарга, Д.Хатанбаатар хугацааны өмнө Хурандаа цолоор шагнуулжээ.
Аймгийн засаг дарга өнөөдөр хүлээн авч, Хан Хэнтий нутгаас төрсөн хурандаа цолтон нэгээр нэмэгдэж буйд талархан хүндэтгэл илэрхийлж, ажилд нь, хамт олонд нь амжилт хүслээ.
Хурандаа Д.Хатанбаатар нь Хэнтий аймгийн Баянхутаг суманд төрсөн, 41 настай. 2005-2009 онд Цагдаагийн академид суралцан Эрх зүйч-Цагдаагийн ажилтан мэргэжил эзэмшсэн. 2016 онд Улаанбаатар эрдэм сургуулийг хууль зүйн магистраар суралцан төгсжээ.
Тэрээр 1999-2005 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газрын хэв журмын тасагт цагдаа, 2005-2009 онд сонсогч, 2009-2014 онд аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасагт эрүүгийн төлөөлөгч, 2014-2016 онд Тахарын ерөнхий газарт ахлах мэргэжилтэн, Тахарын газрын дарга, 2016-2017 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн даргаар ажиллаж байгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн б/985 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны Шуурхай удирдлага хяналтын төвийн дарга, 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн б/1020 дугаар тушаалаар Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн даргаар томилогдон ажиллаж байна. Улсад 22 жил, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 5 дахь жилдээ ажиллаж байгаа төрийн албан хаагч юм.
Холбоотой мэдээ