Нийслэлд 2-3 баллын хүчтэй газар хөдлөлт мэдрэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-03-24 13:43:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр Улаанбаатарын 22.46 цагт Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас хойш 16 км зайд 5,5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь нийслэлд 2-3 баллын хүчтэй мэдрэгджээ.


Энэ нь газар хөдлөлтийн гамшгийн автомат дохиолол дуугарах хэмжээний балл биш юм. Хэрэв нийслэлд газар хөдлөлтийн 6-7 баллын чичиргээ үүсвэл автомат систем дуугарна. Газар хөдлөлтийг урьдчилан мэдээлэх боломжгүй. Манай орны хувьд хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгддэг. Хөдөө орон нутагт барилгажилт бага, суурьшил сийрэг тул харьцангуй хохирол бага гэдгийг ШУА-ийн  Одон орон геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлах салбарын дарга М.Өлзийбат  мэдээлэв.


Говьсүмбэр аймгийн Баянтал суманд өчигдөр болсон газар хөдлөлтийн үеэр, Төмөр замын 16 дугаар зөрлөгийн хоёр давхар 16 айлын орон сууцны 3 өрхийн хана тааз цуурсан тухай мэдээлэл байгаа аж.


Монгол орны хувьд газар хөдлөлийн чичирхийлэл мэдээлэх 25-26 станцыг 250-300 км зайтай байршуулжээ. Нийслэлийн эргэн тойронд 16-17, олон улсын гээд нийт 30 станц 60-70 км зайтай байрлан, 1-2 минутад мэдээлэл дамжуулдаг. Харин Япон улсад газар хөдлөлтийг мэдэрдэг 6-7 мянган станц 20 км зайтай байрлаж, хоорондоо хэдхэн секундэд мэдээлэл дамжуулдаг аж.


Монгол орны Алтай, Хангай, Хөвсгөлийн нуруунд газар хөдлөлийн идэвхтэй том хагарлууд бий. Сүүлийн жилүүдэд нийслэл, Дархан, Эрдэнэт хотод хүн амын нягтаршил ихэслээ. Газар хөдлөлийн аюулаас сэргийлэх, учирч болзошгүй гамшгийг тооцоолж, хот сууринг зөв төлөвлөж, барилгыг стандартын дагуу зөв барих нь чухал"-ыг тэрбээр дурдав.


Сүүлийн үед газар хөдлөх чичирхийллийн тоо давтамж 10 жилийн өмнөхөөс 10 дахин ихэссэн дүн мэдээг ОБЕГ-аас гаргасан нь бий. Монгол орны нутаг дэвсгэрт өнгөрсөн онд 44 462 удаа газар хөдөлснийг бүртгэжээ.  


Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж.

Холбоотой мэдээ