Б.Нетаньяху парламентын сонгуульд ялалт байгуулснаа зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-03-24 09:39:30

ЙЕРУСАЛИМ. /BBC/. Израилд сүүлийн хоёр жилийн хугацаанд явуулж буй дөрөв дэх парламентын сонгуульд тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ялалт байгуулснаа зарлажээ.


Хэдийгээр сонгогчдыг саналаа өгсний дараа явуулсан санал асуулгын дүнгээр Б.Нетаньяхугийн “Likud” нам олонхын суудал авч чадахгүй байх төлөвтэй байгааг үл харгалзан тэрбээр ийнхүү мэдэгджээ.


Тодруулбал, “Likud” болон түүний эвслүүд парламентын 120 суудлын 53-54-ийг авах төлөвтэй байгаа бол Ерөнхий сайдыг албан тушаалаа үргэлжлүүлэн хашихыг эсэргүүцэж буй намууд 59 суудал авах магадлалтай байна.


Эдгээрээс үзэхэд Б.Нетаньяхугийн үнэнч дэмжигч байсан Нафтали Беннеттээр удирдуулсан “Yamina” нам Засгийн газрын дараагийн тэргүүнийг сонгоход голлох үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна. Тэд үлдсэн 7-8 суудлыг авах төлөвтэй байгаа бөгөөд аль талыг дэмжихээ хараахан мэдэгдээгүй байгаа ажээ.


“Миний бие Израил улсын сайн сайхны төлөөх шийдвэрийг л гаргах болно” гэж Н.Беннетт санал асуулгын дүнг танилцуулсны дараа мэдэгджээ. Мөн “Yamina” сонгуулийн эцсийн дүнг гарсны дараа шийдвэрээ гаргана гэдгийг Б.Нетаньяхуд мэдэгдсэнээ уламжилсан байна.


Израилын Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр, коронавирусний хязгаарлалтуудын улмаас саналын хуудсын тооллого лхагва гаргийн үд хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа ажээ. 

Холбоотой мэдээ