МОНЦАМЭ агентлагийн 7 ажилтан сансрын нислэгийг сурвалжилж байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-03-22 18:34:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жил, Монгол хүн сансарт ниссэн, Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойд зориулж "Хүн-Эх дэлхий-сансрын уудам" сэдэвт Орос-Монголын хамтарсан үзэсгэлэнг Улаанбаатар дахь "Русский дом" буюу Оросын  Шинжлэх ухаан, соёлын төвд өнөөдөр нээлээ.

Үзэсгэлэнг Монгол Улсын Архивын ерөнхий газар, ОХУ-ын ШУА-ийн архив, Монгол Улсын ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн, Үндэсний музей, МОНЦАМЭ агентлаг, Монгол цэргийн музей, Монголын уран зургийн галерей, Монголын сансрын технологийн холбоо, "Марс-В" төсөл, "Монсаат" болон МУИС-ийн "Мазаалай" хөтөлбөр зэрэг байгууллагаас зохион байгуулж оролцлоо. Үзэсгэлэнд Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалж буй ЗХУ-ын сансрын нисэгч нарт “БНМАУ-ын баатар” цол олгосон зарлигууд болон Монгол хүн анх сансарт ниссэн түүхэн үйл явцыг харуулсан ховор гэрэл зургууд болон сонирхолтой баримтуудыг дэлгэн үзүүлж байна.


Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан үзэсгэлэнг нээж хэлэхдээ, "Монгол хүн  анх удаа сансарт ниссэн нь XX зууны монголчуудын сэргэн мандалтын түүхнээ алтан үсгээр бичигдэх онцгой үйл явдал болсон" гэдгийг онцлов. Тэрээр,  "Монгол Улс 2050 он гэхэд Сансрын холбооны үндэсний хиймэл дагуулын шинэ сүлжээг байгуулж, харилцаа холбооны сүлжээний ашиглалт, хяналтыг хөгжүүлэхээр зорьж  буй"-г дуулгав.  Хоёр улсын хамтарсан нислэгийн явцад шинжлэх ухааны 50 гаруй туршилт хийсэн нь манай улсын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан төдийгүй, залуу эрдэмтэн, судлаачид ахмад үеийнхээ үйлсийг үргэлжлүүлж “Мазаалай” хиймэл дагуулыг зохион бүтээж, Монгол Улсад сансрын техник, технологийг хөгжүүлж байгаад таатай байгаагаа илэрхийлэв.


Үзэсгэлэнгийн нээлт, хүндэтгэлийн арга хэмжээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний зарлигаар ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Монгол Улсын иргэн, БНМАУ, ЗХУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисэгч, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг ОХУ-ын Төрийн дээд шагнал Александр Невскийн одонгоор шагнаж буйг ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизов уламжилж, ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулав. (Одонг ОХУ-ын ЭСЯ-нд тусгайлан гардуулах юм) 



"Хүн-Эх дэлхий-сансрын уудам" сэдэвт Орос-Монголын хамтарсан үзэсгэлэнгийн хүрээнд "МОНЦАМЭ агентлаг Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийг сурвалжилсан нь" гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд мөн толилуулж байна.

Үзэсгэлэнг танилцуулж, МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд хэлэхдээ, "ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан анхны нислэгийг тоймч, сурвалжлагч, гэрэл зурагчин зэрэг манай агентлагийн 7 хүн газар дээрээс нь сурвалжилж, "Үнэн" сониноос аваад "Пионерийн үнэн" сонин хүртэл бүх сонин, хэвлэлд мэдээ, материал, гэрэл зургууд илгээж байсан"-ыг онцоллоо. 





Тэрбээр, 1978-1981 оны хооронд Оддын хотхоноос эхлээд хоёр орны сансрын нисэгчид сансарт нисэж, бууж ирсэн бүх үйл явдлыг сурвалжилж, сансрын нислэгтэй холбоотой Монголд байгаа бүх гэрэл зургийн, тэр дотроо архивын гэрэл зургийн 60 гаруй хувийг МОНЦАМЭ агентлаг бүрдүүлсэн. Тус агентлагийн гэрэл зурагчин С.Батсүх, Ц.Нина нар түүхэнд үлдэх зургуудыг авч, Т.Галдан, Я.Сүхбаатар нар сурвалжилж, агентлагийн гэрэл зурагчин С.Батсүх, Ц.Нина нарын авсан гэрэл зургаар “Оддын ахан дүүс” гэрэл зургийн альбомыг ЗХУ-ын ТАСС агентлагтай хамтран хэвлүүлж байсныг тодотгов. Үзэсгэлэнд сансрын нислэгийг сурвалжилж байсан МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч, гэрэл зурагчдын сурвалжлах эрхийн мандат, хэрэглэж байсан ном, гэрэл зургийн аппарат хэрэгсэл, сансрын нисэгчдийн гарын үсэгтэй зургууд, хэвлэл зэргийг дэлгэжээ. 


МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч, гэрэл зургийн сурвалжлагч нар 1978-1981 оны хооронд Оддын хотхоноос эхлээд хоёр орны сансрын нисэгчид сансарт нисэж, бууж ирсэн бүх үйл явдлыг сурвалжилж, сансрын нислэгтэй холбоотой Монголд байгаа бүх гэрэл зургийн, тэр дотроо архивын гэрэл зургийн 60 гаруй хувийг бүрдүүлжээ.








"МОНЦАМЭ агентлаг Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийг сурвалжилсан нь" гэрэл зургийн үзэсгэлэнг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, ЗХУ, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа болон ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизов нарын албаны хүмүүс, нээлтэд ирсэн иргэд, сэтгүүлч нар үзэж сонирхлоо. 

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан үзэсгэлэнг үзээд, "Монгол Улсын түүхэнд үлдэх чухал үйл явдлыг сурвалжилж, гэрэл зурагт үлдээсэн бүх хүн алдар гавьяатай" гэдгийг онцолж, С.Батсүх, Я.Сүхбаатар нарт баяр хүргэн, үзэсгэлэнг гаргасан МОНЦАМЭ агентлагийнханд талархал илэрхийлсэн юм. ЗХУ, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, МОНЦАМЭ агентлаг нь сансрын нисэлгийн үйл явдлыг сурвалжилж, сурталчлах, түүхэн архив бүрдүүлэхэд маш том үүрэг гүйцэтгэсэн байгууллага хэмээн онцлон хэлсэн юм.




Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ