Өнөөдөр "Дэлхийн цусны донорын өдөр" тохиож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-06-14 10:51:22

ЖЕНЕВ. /Prensa Latina/. Дэлхийн бүх улс оронд цусны хангалттай нөөцийг бүрдүүлэхийн тулд үнэ төлбөргүйгээр, сайн дураараа цусаа хандивлах хөдөлгөөн идэвхжсэнийг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ сайшаалаа.

“Сайн дураараа, төлбөргүйгээр цусаа хандивлах нь бусдад амьдрал бэлэглэж буй нэг хэлбэр бөгөөд хүн бүрийн өгөх боломжтой хамгийн аугаа бэлэг юм” гэж “Дэлхийн цусны донорын өдөр” өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан ДЭМБ-ын ерөнхий захирал, доктор Маргарет Чан онцлон хэллээ.

Дэлхийн хэмжээнд жилд 108 сая орчим донорын цус цугладаг бөгөөд түүний 50 хувийг хөгжингүй орнуудад цуглуулан нөөцөлдөг байна.

Тодруулбал, өндөр орлоготой улсуудыг бага орлоготой улсуудтай харьцуулахад 9 дахин их  хэмжээний донорын цус нөөцөлдөг ажээ.

ДЭМБ-ын мэдэгдэлд “дэлхийн олон улс оронд донорын цусны эрэлт нь нийлүүлэлтээс давсан хэвээр байна. Энэ нь чанартай бөгөөд аюулгүй цусаар хангах үүрэгтэй байгууллагуудын хувьд тулгамдсан асуудал болоод байна” гэж дурдсан байна.

Донорын цусаар хангах цорын ганц арга зам бол тогтмол бөгөөд сайн дураараа цусаа хандивлах явдал юм гэж ДЭМБ мэдэгдэв.

Цус болон цусан бүтээгдэхүүн нь жилд олон сая хүний амийг авардаг билээ. Ялангуяа, зэвсэгт мөргөлдөөн, байгалийн гамшиг үүссэн онцгой нөхцөл байдалд цус, цусан бүтээгдэхүүн  нь олон хүнд амьдрал бэлэглэдэг.

Г.Доржханд

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ