Ил задгай болон цасанд дарагдсан хог хаягдлыг цэвэрлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-22 13:58:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг, даалгавар өглөө.


Тухайлбал, хүүхдийн тоглоомын талбайн хяналтыг сайжруулж, тогтмол ариутган халдваргүйжүүлэх, хүүхэд, өсвөр үеийнхний бөөгнөрөл үүсэхээс сэргийлэх, ил задгай болон цасанд дарагдсан хог хаягдлыг цэвэрлэх ажил зохион байгуулахыг ЗАА, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болговМөн НЭМГ-т коронавируст халдвар, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагын хүний нөөц бүрдүүлэх, эрсдэлийг багасгах ажил зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэх, дүүргийн Засаг дарга нарт гэрийн тусгаарлан ажиглах үйл ажиллагааг хянах, ажлын уялдааг сайжруулж, зөрчил дутагдал гаргахгүйд анхаарахыг үүрэг болгожээ.


Нийслэл хот цар тахлын тархалтын "улбар шар түвшинд шилжсэн хугацаанд эргүүл, хяналт шалгалтаар 1148 чиглэлд 2335 алба хаагч ажиллаж байна. Үүнээс 40 постод 264 алба хаагч, 93 автомашинтай үүрэг гүйцэтгэн, 1920 тээврийн хэрэгсэл, 3704 иргэн хотоос гарч, нийслэл рүү 3070 тээврийн хэрэгсэл, 5924 иргэн нэвтэрснийг шалгав.


Энэ сарын 15-18-нд 381 ресторан, 189 цайны газар, 202 баар, 123 хүнсний супер маркет, 119 мини маркет, 1136 хүнсний дэлгүүр, 29 зочид буудал, дэн буудал, 47 чийрэгжүүлэх, бялдаржуулах төв, саун, бассейн гээд 2622 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагааг хянажээ. Улмаар 742 зөрчил илрүүлэн 408 буюу 54,9 хувийг газар дээр нь арилгуулсан аж.


Шалгалтаар QR код байршуулаагүй, бүртгэл хийгээгүй, ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжээгүй, хүн хоорондын зай барих тэмдэглэгээ байршуулаагүй, бөөгнөрөл үүсгэн, халдвар хамгааллын хэрэгсэлгүй ажиллаж, сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах шаардлага хангасан өрөө бэлтгээгүй зөрчил илэрчээ.  

 

Холбоотой мэдээ