Д.Луттөмөр: Отрын асуудлыг зохицуулах шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-03-22 11:13:58

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Дашинчилэн сумын Засаг дарга Д.Луттөмөртэй уулзаж, мал аж ахуйн цаг үеийн ажлын талаар ярилцлаа.

          - Мал төллөж эхэллээ. Хаваржилт ямар байна вэ?

- Дашинчилэн сум оны эхэнд 259,5 мянган мал тоолуулсан. Хөдөөгийн 348 өрх 260 хотонд өвөлжлөө. Энэ өвлийн хувьд цаг агаар тааламжтай, хэдийгээр нутаг дэвсгэр цасан бүрхүүлтэй байсан ч нимгэвтэр цастай сайхан болж өнгөрлөө.

Мал төллөж эхэллээ. Өнгөрсөн өвлийн хувьд отор маш их орж ирлээ. Тэр хэмжээгээр малчдын өвөлжилтөд хүндрэл учрууллаа. Өвөлжөөндөө байхад хаваржааны нутагт малаа оторлоод, хаваржаанд буухаар өвөлжөөний бэлчээрийг талхалж байна. Хаваржааны бэлчээр муудсан, зарим нутагт талхлагдсан учир хаваржилт тавгүй байж магадгүй. Малчдын хувьд өвс, тэжээл нэлээд сайн бэлтгэж авсны хүчинд хаваржилт гайгүй байна. Өвс тэжээлийн нөөц бэлтгэхэд сум орон нутаг анхаарч үнийн хөөрөгдлөөс сэргийлэх ажил хийж байгаа. Зах зээлээс хямд үнэтэй, чанартай тэжээл татах, малчдад хямдралтай үнээр борлуулах ажил хийлээ. Аймгийн нөөцийн газраас 2000 гаруй боодол өвс авчирч, нэг бүрийг 6000 төгрөгөөр борлуулсан. Зах зээл дээр боодол өвсний үнэ бараг хоёр дахин өндөр байгаа.

Аймгийн ХХААГ, холбогдох Яамтай хамтран отор нүүдэлд нэрвэгдсэн 200 малчинд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Улаан загалмай нийгэмлэгээс 15 малчин өрхөд хүнсний дэмжлэг үзүүлсэн. Хаваржилт гайгүй, сайхан хавар болж байна.

- Энэ хавар хэдэн хээлтэгч мал төллүүлэх вэ?

- Зуу гаруй мянган толгой мал төллөнө. Ер нь манай сумын хувьд малын тоо толгойг өсгөх бодлого барихгүй, чанартай мал байх нь бэлчээр ашиглалт, малчдын эдийн засагт хэрэгтэй гэдгийг ойлгосон. Өнгөрсөн онд гэхэд малын тоо буурсан. Ямаа, адуу өсгөхгүй байгаа. Ер нь хонь, үхэр их өсгөж байна. Хонь 146,7, үхэр 13,0 мянган толгой байна. Сумын хэмжээнд бэлчээрийн менежментийг сайжруулах бодлого байгаа ч отрын мал орж ирээд энэ талаар хийсэн ажил үр дүнгүй болох хандлага байгаа юм. Отроор Баянхонгор аймгаас 3,0 мянган ямаа, өөр аймгаас 13,0 мянган адуу орж ирсэн. Отрын талаар хүндрэлтэй асуудал их байна.

          - Отрын асуудлыг цаашид яаж шийдвэл зохистой вэ? Танай суманд отрын бүс нутаг байдаг.

- Отрын асуудлыг одоохондоо дэмжихэд хэцүү. Монгол хүн байна цаг агаар гайгүй, газрын гарц боломжтой бол отор байж болно гэж боддог. Суманд тодорхой хэмжээний мал оторлуулж болно. Мөн олон жил дараалан отор оруулж болохгүй. Нэг суманд өвөлжүүлж, хаваржуулах тодорхой хэмжээний малын тоо байх хэрэгтэй байна. Тухайн сумын малын тоо толгой, бэлчээрийн даацыг тодорхойлоод гаднаас оруулах отрын малыг тоо тогтоож өгвөл сум, малчид ч ойлгож зохицуулах боломж байгаа. Өнөөгийн байдал бол дэндүү замбараагүй байна. Адуу их орж ирээд өвөлжөө, хаваржааны саравчийг тойрсон бэлчээрийг талхлаад байна. Малчид бэлчээрээ хамгаалж малыг хөөхөөс өөр арга байхгүй. Манай малчдад төвөг учруулахгүй бол отрын малыг хөөж туух  явдал гаргахгүй л дээ. 

Холбоотой мэдээ