Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд хүндэтгэлийн парад жагслаа

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2021-03-18 21:55:46

Баянхонгор /МОНЦАМЭ/. Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой, артиллерийн цэрэг үүсэн байгуулагдсаны 100 жил, Батлан хамгаалах яамны 110, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 100, Цэргийн төв эмнэлгийн 100 жилийн ой тус тус энэ онд тохиож байна. Түүхт ойг тохиолдуулан Монгол цэргийн өдрөөр Баянхонгор аймгийн Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд хүндэтгэлийн парад жагслаа.

Цэргийн хүрээний анги нэгтгэлүүд бэлэн жагссаныг Зэвсэгт хүчний 339-р ангийн захирагч, Хурандаа Ш.Батдаваа илтгэснээр Баянхонгор аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга Д.Мөнхсайхан дайчдын амрыг эрэн мэндчилэн Хүндэтгэлийн жагсаалыг эхлүүлэв.

Баянхонгор аймаг дахь зэвсэгт хүчний салбарын анги нэгтгэлүүд буюу Зэвсэгт хүчний 339-р анги, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид оролцсон тус үйл ажиллагааны үеэр Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Б.Оюутболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн Гавьяаны одонгоор шагнуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа Д.Ууганбаяр хурандаа цолоо хүлээн авч, Бэлтгэл офицер О.Олзвой төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа. 

Сонирхуулахад, Түүхт 100 жилийн ойг тохиолдуулан батлан хамгаалах салбарын нийт алба хаагчдын дунд марш тактик, сагсан бөмбөг зэрэг олон төрөлт тэмцээн уралдааныг зохион байгуулсан бөгөөд тэмцээний ялагчид энэ өдөр шагналаа тус тус гардан авсан юм.