“Грэмми”-н шагнал хүртсэн залуухан дижей бүтээлээ хэрхэн туурвисан бэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-16 15:39:34

ЛОНДОН. /BBC/. Казахстаны 20 настай дижей Иманбек Зейкенов америкийн рэпер Saint Jhn-н "Roses" дуун дээр хийсэн ремиксээрээ “Оны шилдэг ремикс” төрөлд “Грэмми”-н шагнал хүртжээ.


Түүний найруулсан бүтээл өнгөрсөн онд нийгмийн сүлжээг байлдан дагуулж, дэлхий даяар хит болсон юм. Зейкенов анх удаа Казахстанаас энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж, ерөнхийлөгч түүнд баяр хүргэсэн байна.


Хууль бус ремикс

Иманбек YouTube” сувгаар өгсөн ярилцлагандаа ремикс бүтээлээ хоёр цаг гучин минутын дотор хийсэн тухайгаа дурджээ.  


2019 оны 3 дугаар сарын 21-нд бүтээлээ гаргах үедээ Иманбек эцэг, эхтэйгээ Казахстаны Аксу хотод амьдардаг байсан бөгөөд Павлодарын төмөр замын коллежид сурдаг байжээ.


Тухайн үедээ мэргэжлийн ямар ч тоног төхөөрөмжгүй байсан Имабек дуу хөгжим сонирхоод жил хагасын хугацааг өнгөрөөгөөд байсан бөгөөд алдарт ремиксээ хуучин ганц нөөтбүүкнийхээ ард суугаад хийсэн аж. Тийнхүү бэлэн болсон бүтээлээ цөөхөн хэдэн дагагчтай нийгмийн сүлжээндээ байршуулсан байна.   


“Тухайн үедээ би дууны эрх яаж авч, гаргасан бүтээлээ хэрхэн сурталчлах талаар огт мэддэггүй байсан. Тийм учраас нийгмийн сүлжээнд бүтээлээ тавьсныхаа дараа энэ талаар мартчихсан. Гэтэл хэдэн сарын дараа миний бүтээл дэлхий даяар танигдсан байсан” хэмээн Иманбек ярьжээ.


Зар сурталчилгаанд нэг ч төгрөг зарцуулаагүй хэдий ч Иманбекийн бүтээл 2019 оны зун гэхэд Орос, Беларусь, Украины "ВКонтакте" нийгмийн сүлжээн дэх шилдэг дуунуудын жагсаалтад тэргүүлжээ.  


Коллежоо төгсөөд “Аксу 1” төмөр замын станцад ажиллаж байсан хөгжимчин залуутай өнгөрсөн наймдугаар сард Европын дуу бичлэгийн агентлаг холбогдож, ремиксийг нь албан ёсоор цацахыг санал болгосон байна. Тус гэрээнээс Иманбек татгалзсан хэдий ч хэдхэн долоо хоногийн дараа түүнд илүү ашигтай санал ирэх үед нь гэрээгээ байгуулахаар болсон байна.

 

Холбоотой мэдээ