Өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангаж ажиллахыг анхаарууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-06-13 13:46:59

2016 оны зургадугаар сарын 1-ний байдлаар нутгийн 60 хувьд буюу Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар зуншлага сайн, нийт нутгийн 30 хувьд дунд зэрэг, 10 хувьд нь гантай байна. 2016-2017 онд 60 гаруй сая мөл өвөлжих төлөвтэй байна гэсэн мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуйн яам өгч байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах асуудлыг хэлэлцээд тогтоол гаргаж, төлөвлөгөө гарган, биелэлтэд нь хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг тухай бүрт нь шуурхай шийдвэрлэж ажиллах, аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэхийг даалгалаа.

Өвөл хаврын бэлчээрийн даацад тулгуурлан сум дундын болон аймаг дундын отрын бүс нутгууд, хилийн зурвас газар, байгалийн тусгай хамгаалалттай газруудад отроор өвөлжих, хаваржих өрх, малын тоог тохирон холбогдох газруудтай гэрээ байгуулах, зарим шаардлагатай хадлангийн талбайг өнжөөх, сэлгэх өөр аймгийн нутагт хадлан бэлтгэх гэрээ хэлэлцээр хийж зохицуулахыг тус тогтоолоор үүрэгжүүллээ.

Мөн малын гоц халдварт, халдварт өвчин, паразиттах өвчин, ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг технологит хугацаанд нь чанартай зохион байгуулах, мал эмнэлгийн дуудлага, үйлчилгээний бэлэн байдлыг бүрдүүлж шуурхай удирдлагаар хангаж ажиллахыг даалгалаа.

ТОВЧ МЭДЭЭ:

-  Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 2013-2016 онд цэргийн жинхэнэ алба хаасны тэтгэвэр тогтоолгох, офицер, алба хаагч нарт нэг удаагийн тэтгэмж олгох зардалд шаардагдах таван тэрбум төгрөгийг 2016 оны төсвийн тодотголд тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа.

-  Хоёр талын дипломат төлөөлөгчийн газарт газар болон байр ашиглуулах тухай Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцээд уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Галбадрахад олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.

-  Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2015 оны 108 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтлоо.

-  “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд 2016 онд болох Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх олон улсын бага хурал, Зүүн хойд Азийн орнуудын шинжээчдийн Эрчим хүчний хэлхээ холбоо олон улсын семинарыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ