Хонконгт вакцин хийлгэсний дараа нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-03 10:45:48

ХОНКОНГ /СЯНГАН/. /The Standard/. Хятадын “CoronaVac” коронавирусний вакциныг хийлгэснээс хойш хоёр хоногийн дараа нас барсан тохиолдол Хонконгт анх удаа бүртгэгджээ.


Вакцин хийлгэсэн хүн 63 настай эрэгтэй байсан аж. Чихрийн шижин, бронхитын архаг өвчтэй байсан тэрбээр 2 дугаар сарын 26-нд вакцины эхний тунг хийлгэснээсээ хойш хоёр хоногийн дараа амьсгалахад нь хүндрэл үүссэний улмаас нас барсан байна. 


Нас барсан тохиолдол вакцинтай холбоотой байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд энэ тохиолдлыг шалгаж байгаа хэмээн Хонконгийн эрүүл мэндийн газраас мэдээлсэн байна.


Хятадын засаг захиргааны онцгой бүс Хонконгт олноор нь вакцинжуулалтад хамруулах хөтөлбөр өнгөрсөн баасан гаргаас хэрэгжиж эхэлжээ. Одоогоор хөтөлбөрийн хүрээнд зөвхөн Хятадын “Sinovac Biotech” компанийн “CoronaVac” вакциныг санал болгож байгаа аж. Эхний ээлжинд нэг сая тун вакциныг Бээжин хотоос хүлээн авчээ.


Хятадын вакцинаас хоёр тунг хийлгэсний дараа 62.3 хувийн үр дүн үзүүлсэн байна. Тус вакциныг 28 хоногийн зайтай хийх ёстой аж. 

Холбоотой мэдээ