Д.Сумъяабазар: Улаанбаатар хөдөлмөр эрхлэх, орлого олох бизнесийн “шунал буцалсан” хот байгаасай

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-03-03 13:00:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын саяхан хэвлэлд өгсөн "Бүтээлч, хөрөнгө оруулалт татсан, хөгжил рүү зүтгэсэн дарга байх болно" ярилцлагаас цаашдын ажлын төлөвлөгөө, баримталж ажиллах чиглэлээ тодорхойлсон онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 


1. Хот гэдэг бол өөрөө их айл. Амьдрал буцалж, зовлон, жаргал сүлэлдсэн, их ачаалал эргэлдэж байдаг газар. Би Улаанбаатар хотын унаган оршин суугч. Энэ л хотод өсөж хүмүүжсэн хүний хувьд хотоо сайхан болгох юмсан, орчин үеийн шийдэл бүхий дэлхийн жишиг хот болоосой, яаж энэ бүхнийг өөрчлөх вэ гэсэн бодлыг үргэлж тээж ирсэн.

2. Шууд л хүнд хэцүүтэй нүүр тулж Ковидын үеийн хямралд ажиллана, байнга шүүмжлэл, бухимдал дунд явна гэдгээ мэдэж байсан ч “үүрэг хүлээсэн цаг”-т би хэзээ ч ухарч зайлахгүй, шийднэ, зүтгэнэ.

3. Иргэдийг хүндрүүлдэг, бүх юмыг хойшлуулдаг, залхаадаг асуудал цэгцэрнэ. Улсаараа бид цахим болох ёстой. Хотоо Цахим Улаанбаатар, Ухаалаг Улаанбаатар, Ил тод, нээлттэй Улаанбаатар болгох ёстой. Тэгж байж бид энэ хүнд суртал, авлига, хээл хахуульд хэрэгдээд хөдөлж өгөхгүй хөшчихсөн асуудлуудыг бүгдийг нь явуулна.

4. Нэг ч ажлыг хойш нь тавихгүй гэж хичээж байна. Бидэнд гаргасан алдаа байгааг ерөөсөө үгүйсгэхгүй. Тэрийг засаж залруулахын төлөө ажиллаж байна. 

5. Улаанбаатар бол залуусын хот. Тэгэхээр түүн рүү чиглэсэн бодлого явуулж, энэ залуучуудынхаа сэтгэлийг эзэмдэж, тэдний дэмжлэгийг авахын төлөө зүтгэж байгаа. Тэдний хүсэж байгаа хотыг бүтээхийн төлөө бүх хүчээ зориул, ухаанаа уралдуул гэж би хамтран зүтгэгчиддээ хэлдэг.

6. Хотын төсөв нэмэгдэж байгаатай холбогдуулаад хардлага нэмэгдэнэ. Хардах эрхтэй. Тэгэхээр бүх худалдан авалт, тендерийг нээлттэй болгох ажлыг хийнэ.

7. Улаанбаатар хөрөнгө оруулалтыг татсан, гадаадын хөрөнгө оруулалтыг бурхны элч мэт хүлээж авдаг хот байгаасай. Хөрөнгө оруулагч нартай хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж байж, хот тулгамдсан асуудлаа шийддэг, ухаалаг, инновацлаг, хөрөнгөтэй хот болно. Тиймийн тулд бид гадны хөрөнгө оруулагчийг нүдэнд орсон өргөс мэт харахгүй. Бид тэдэнтэй хамтарч байж илүү шийдэлтэй, илүү дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлсэн хот болгохын төлөө зорьж ажиллана.

8. Би хойшоо харж “хэрэлдэхгүй”. Урагшаа харж ажиллана. Өнгөрсөн рүүгээ хэт өнгийж өлийдөг хүн урдах замаа сайн харж чаддаггүй. Тийм учраас би урагшаа л харна. Цагийн зүү хурдан эргэж байна шүү дээ.

9. Улаанбаатар хөдөлмөр эрхлэх, орлого олох бизнесийн “шунал буцалсан” хот байгаасай гэж би хүсдэг. Халамжийн шуналтай биш. Хувь хүн өөрөө юм үйлдвэрлэж болно. Тэр хүнийг ажиллах нөхцөлөөр нь бид нар сайн дэмжих ёстой. 

10. Төрийн захиргааны байгууллагуудын болсон болоогүй дарамт бизнес эрхлэгчдийг мохоодог, зогсоодог, хамаг юмыг нь нураадаг булаадаг байх ёсгүй. Ялангуяа Улаанбаатар хотын захиргааны дарамтыг би байхгүй болгоно гэж тэмцэж байгаа. Мэргэжлийн хяналтын дарамтыг үгүй болгоно. Дарамтыг шүү. Эрүүл, хуулийн дагуу хяналт шаардлагыг биш. 

11. Би юм хийх гэж л явж байгаа. Нялцганахгүй. Нялцганах юм бол би өөрөө байхгүй болно. Би өөрөө хэн ч биш болно. Би эргүүлгэнд ороод дуусна. Д.Сумъяабазар гэдэг нөхөр бол худалч, хулгайч юм байна гээд дуусгах байх. Би худалч, хулгайч биш бүтээлч, хөрөнгө оруулалт татсан, хөгжил рүү зүтгэсэн дарга байхыг л хүсэж байгаа.

12. Ялалт гэдэг бол зүгээр ирдэггүй юм. Зүгээр гэртээ суугаад хүн шүүмжлээд байдаг, эсвэл зурагт болгоноор сайн сайхан юм яриад л сууж байдаг хүнд хэн итгэх юм. Бодит амьдрал гэдэг бол нүүр тулахыг л шаарддаг юм билээ.

Холбоотой мэдээ