“Дусал ус Шижир алт” усны тоолууржуулалтын аян эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт “Дусал ус Шижир алт” усны тоолууржуулалтын аян өрнөж байна.
Тус аяны үйл ажиллагааг Ховд аймгийн ИТХ-ын дэргэдэх
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлөөс
санаачлан хэрэгжүүлж буй.
Орон нутгийн төрийн байгууллага, аж ахуйн нэгжийг нэн
тэргүүнд тоолууржуулах ажлыг зохион байгуулахаар Ховд аймгийн Засаг даргын
захирамж гарч, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналт, Хар
нуур-Ховд голын сав газар, Жаргалант сум, "Шим Ус" ОНӨААТҮГ, Дэлхийн Байгаль
хамгаалах сан зэрэг холбогдох байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын баг байгуулжээ. Тус ажлын баг “Дэлхийн
усны өдөр”-ийг угтан төрийн байгууллагуудыг
гуравдугаар сарын 22-ны өдрөөс өмнө бүрэн тоолууржуулах аж. Мөн зургаадугаар сарын 20-ны өдрөөс өмнө бүх
аж ахуйн нэгжийг тоолууржуулахын зэрэгцээ сурталчилгааны ажлыг үе шаттай зохион
байгуулахаар төлөвлөсөн байна.
Тус ажлын багийнхан төрийн байгууллагуудын тоолуурын судалгаа гаргаж, Ховд аймгийн хэмжээнд 2020
оны байдлаар 58 төсөвт байгууллагын 54 буюу 91 хувь нь тоолуургүй болохыг тогтоожээ.
Мөн 107
ус ашиглагч аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний 71 нь буюу 70 хувь нь тоолуургүй,
төвлөрсөн шугамаас ус ашигладаг 3538 айл өрхийн 58 хувь нь мөн тоолуургүй гэсэн судалгаа гарчээ.
“Дусал ус Шижир алт”
усны тоолууржуулалтын аянд өнөөдөр Жаргалант
сумын ерөнхий боловсролын II сургуулийн хамт олон нэгдэж, сургуульдаа усны тоолуур
суурилуулжээ.
Ховд аймаг нь “ногоон
хөгжлийн загвар аймаг” болох стратеги зорилт дэвшүүлсэн. Иймээс цаашид усны зохистой, зөв хэрэглээ бий
болгох, нуур, гол мөрөн, булаг шандыг хайрлан хамгаалах үзлийг хойч үеийнхэнд
төлөвшүүлэх зорилгоор энэхүү тоолууржуулалтын аяны үйл ажиллагааг дэмжиж, төрийн
байгууллага, аж ахуйн нэгж, нийт иргэд хамтран
ажиллахыг мэргэжилтнүүд
уриалж байв.