“ASEAN” Мьянмарын нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-03-02 11:10:12

НЕЙПИДО. /NHK/. Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /ASEAN/ Гадаад хэргийн сайд нар Мьянмарт үүссэн нөхцөл байдлын талаар яаралтай хуралдахаар болжээ.


Мягмар гарагт болох цахим уулзалтад Мьянмарын төлөөлөгч ч мөн оролцох төлөвтэй байна. “ASEAN” Мьянмарт үүсээд буй нөхцөл байдлын талаар анх удаа хуралдахаар товлоод буй нь энэ юм.


Мьянмарт цэргийн эргэлтийг эсэргүүцсэн жагсаалыг аюулаас хамгаалах хүчнийхэн хүч хэрэглэн тараахыг оролдож байгаа бөгөөд тэдний хооронд үүссэн мөргөлдөөний улмаас 18 хүн амиа алджээ.


Мьянмарын хамгийн том хот болох Янгонд даваа гарагт дахин эсэргүүцлийн жагсаал өрнөж, мөргөлдөөн үүссэнээс гадна оршин суугчид аюулаас хамгаалах хүчнийхний замыг хаахын тулд олон саад байрлуулсан байна.


"Эрх баригчид жагсаал цуглааныг намжаахын тулд ардчилсан зарчмуудын дагуу хамгийн "бага" хүчийг ашиглаж байна" гэж Мьянмарын төв телевиз Генерал Мин Аун Хлаины хэлсэн үгийг эш татан мэдээлжээ.

Холбоотой мэдээ