Нас барагсдын мэдээлэл хоцорсноос мөнгө шилжүүлсэн явдал гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-06-10 15:15:30

“Нийгмийн даатгалынхан 10 гаруй мянган нас барсан хүний данс руу 1.5 тэрбум төгрөгийн тэтгэврийн мөнгө шилжүүлсэн тухай" шуугиан гарч Цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн тухай бид урьд нь мэдээлж байсан. Энэ хэргийн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас /НДЕГ/ өнөөдөр мэдээлэл хийв.

НДЕГ-ын дарга Д.Мэндбаяр “Дээрх яриа үүссэнээс эхэлж өнөөдрийг хүртэл шат дараалсан 6 удаагийн хяналт шалгалт явуулсан. Үндэсний аудитын газар, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газар, аймаг, нийслэл дүүргийн хяналт, НДЕГ, ХАХНХЯ зэрэг байгууллагууд хамтран нас барагсдын болон оршуулгын тэтгэмжтэй холбоотой асуудлаар нарийвчлан шалгалаа. Шалгалтаар хоёр шалтгааныг тодруулаад байна. Нэгдүгээрт, 2006-2008 онд төрийн байгууллагын уялдаа холбоо муу байснаас болж мэдээллийг нэг сарын хоцрогдолтой солилцсон зөрчил гарсан. Хоёрдугаарт, нас барсан гэх бүртгэлийг ар гэрийнхэн нь 1-2 сараар хугацаа алдаж бүртгүүлдэг байсан. Энэ хоёр зөрчлөөс болж нас барсны мэдээллийг нийгмийн даатгалын байгууллага сарын дараа авснаас тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө нь банкны данс руу шилжсэн. Шалгалтын үр дүнд 150-300 орчим хүний мөнгө нас барснаас хойш нэг сарын дараа данс руу нь шилжсэн гэх тооцоо гарч нас барсан гэх мэдээллийг баталгаажуулаад энэ мөнгөний 90 хувийг харилцах данснаас буцаан татаад  байна. Одоо 19 сая төгрөгийн асуудал шүүхийн шатанд явж байгаа. Харин мэргэжлийн үүднээс нэг зүйлийг онцлоход, Олон улсын нягтлан бодох бүртгэлээс зөвшөөрөгдөх алдааг нэрлэсэн байдаг. Тухайлбал, манай байгууллага сард 100 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр, жилд нэг их наяд тэтгэвэр тэтгэмжийг 360 гаруй мянган иргэнд олгодог. Ийм нөхцөлд дээрх алдааг зөвшөөрөгдөх хэмжээ гэж үзэж болно. Дээрх байдлаас сургамж авч цаашид зөрчил дахин гаргахгүйн тулд тусгай  төлөвлөгөө гаргасан. Цаашид мэдээллийн зөрүүтэй байдал, хоцрогдол гарахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэлээ. Шалгалтын дүнгээс харахад МХЕГ-аас 117 иргэнтэй холбоотой 260 сая төгрөг, Эрүүгийн цагдаагийн газраас 150 хүнтэй холбоотой 240 сая төгрөг, Үндэсний аудитын газраас 148 хүнтэй холбоотой 114 сая төгрөгийг нас барснаас хойш харилцах данс руу шилжүүлснийг тус тус илрүүлжээ. Нас барсны  бүртгэл хийлгэсний дараа нийгмийн даатгалын данс руу эргүүлэн татсан гэх дүгнэлт гаргасан. Тийнхүү шалгалтын тооны дүн мэдээ харилцан адилгүй байгаа нь шалгалт явуулж буй байгууллагууд хамрах хүрээ, хугацаа зэргийг харилцан адилгүй сонгож авсантай холбоотой” гэдгийг нэмж тайлбарлав. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ