Эрдэнэбүрэн сумынхан суурин мал аж ахуйг хөгжүүлэх чиглэл барьж ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-03-01 11:21:45

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг дарга У.Цэрэнтогтох сум орон нутгийнхаа хөгжил, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын зорилго, зорилтын талаар товч мэдээлэл хийлээ.  

Өнгөрсөн 2020 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд 17 хос шинээр гал голомтоо бадраасан. Мөн 45 хүүхэд төрж, тус сум 2419 хүн амтай боллоо.

Тус сумын 390 гаруй малчин өрх 2020 онд нийт 167968 толгой мал тоолуулж, мал сүрэг 11111 толгойгоор өссөн байна.

Эрдэнэбүрэн сумын хөгжлийн хэтийн төлөв нь сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр (2021-2024 он), бусад бодлогын баримт бичгийн хэрэгжилттэй салшгүй холбоотой.

Иймээс бид “Хүний хөгжилд суурилсан, иргэд нь ажилтай, орлоготой, дэд бүтэц, хөдөө аж ахуй, газар тариаланд түшиглэсэн Улсын тэргүүний сум болно” гэсэн эрхэм зорилго тавьж байна. Энэхүү зорилгод хүрэхийн тулд сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дөрвөн зорилт бүхий 131 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Мөн сумын хөгжлийг тодорхойлох дэд бүтцийн суурь төслүүд эхлэх гэж байна. Тодруулбал, Эрдэнэбүрэн сумыг босоо тэнхлэгийн авто замтай холбох 19.7 км зам барих, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, услалтын системийн төсөл, 250 хүний суудалтай спорт заалны барилга ашиглалт оруулах зэрэг ажил 2021 онд эхлэхэд бэлэн болж байгаа.

Энэхүү бүтээн байгуулалтыг түшиглэн сумын иргэдийг ажлын байраар хангах, худалдаа, жижиг дунд үйлдвэр шинээр бий болох боломж нээгдэнэ гэж үзэж байна.

Цаашид бид хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын бодлогыг нэг зохион байгуулалтаар удирдан чиглүүлж, малчид нь өвс, тэжээлийн нөөцийг өөрсдөө бэлтгэдэг, малын тоонд биш ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаардаг, суурин мал аж ахуйг хөгжүүлэх боломж бүрдүүлэх чиглэл барьж ажиллана. 

Мөн өмнөх онуудад эхлүүлсэн нэлээд ажил бий. Эдгээр ажлын үр дүнг энэ онд харах, сайжруулах шаардлага байна. Цаашид энэ онд Ардын хувьсгалын 100, сумын 90, сургуулийн 80 жил зэрэг түүхэн ойг тэмдэглэхээр төлөвлөж буй. 

Холбоотой мэдээ