“Газар тариалан, жимс жимсгэнэ” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-02-26 18:18:03

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Газар тариалан, жимс жимсгэнэ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил эхлэв.


Дээрх хөтөлбөрийн хүрээнд алим, жимс жимсгэнэ, бүх төрлийн хүнсний ногоо, үр тариа, малын ногоон тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлж, хүн амыг эрүүл, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр ханган, нутгийн брэнд бүтээгдэхүүнийг шинээр бий болгох ажээ.  Түүнчлэн тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх замаар иргэдийн орлогыг бодитойгоор дэмжих энэхүү хөтөлбөр 2021-2024 онд Говь-Алтай аймагт хэрэгжих юм. 

Хөтөлбөрийн хүрээнд аймгийн ХХААГ-аас Алтай, Бугат, Дэлгэр, Бигэр, Тайшир, Халиун, Цогт, Чандмань, Шарга, Дарви, Есөнбулаг, Жаргалан сумын хөдөө, аж ахуйн тасгийн мэргэжилтнүүдтэй хамтран техник тоног төхөөрөмж, жимс жимсгэнийн суулгац, хашаажуулалт, услалтын системийн засвар үйлчилгээ, хүлэмж зэргийн эдийн засгийн тооцоо, судалгааг гаргаж, ажлын төлөвлөгөө боловсруулав. Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 2 тэрбум төгрөгөөр хийх ажлын төлөвлөгөө, тооцоо судалгааг аймгийн Засаг дарга болон “Газар тариалан, жимс жимсгэнэ” хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгт танилцууллаа. Тус төлөвлөгөөг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, батлуулах ажил хийж байгаа тухай холбогдох албанаас мэдээлэв.


Холбоотой мэдээ