Иргэдийн өргөдөл гомдлыг бүртгэх, шийдвэрлэх байдал сайжирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-02-26 15:47:08
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-ноос энэ оны хоёрдугаар сарын 22-ны байдлаар Дундговь аймгийн хэмжээнд иргэдээс 3239 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирж, тэдгээрийн 95,2 хувийг нь шийдвэрлэжээ.

Одоогийн байдлаар 154 өргөдөл, гомдол, санал хүсэлт шийдвэрлэлтийн шатандаа байгаа ажээ.

Нийт өргөдөл гомдлын 77 хувь нь агентлагуудад, 21 хувь нь 15 сумын ЗДТГ-т, хоёр хувь нь аймгийн ЗДТГ-т хандсан байна.

Аймгийн ЗДТГ-аас 2021 оныг “Иргэдээ сонсох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил” болгон зарлаж, аймаг, сумын Засаг дарга нар долоо хоног бүрийн амралтын нэг өдрийг иргэдийг хүлээн авах өдөр болгосон.

Мөн иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын бүртгэл, хөтлөлтийг сайжруулан, өргөдөл, гомдол, санал хүсэлт хүлээн авах сувгийн тоог нэмэгдүүлж, шийдвэрлэлтийн тайланг улирлаар гаргадаг байсныг өөрчлөн сар бүр гаргах зэрэг өөрчлөлтийг хийсэн байна.  

Тиймээс ч өнгөрсөн оны нэгдүгээр улирлын дүнтэй харьцуулахад ирсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн тоо 38 хувиар, шийдвэрлэлтийн байдал хоёр хувиар өссөн байна.

Энэ талаар аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Жавзмаагаас тодруулахад “Өргөдөл, гомдлыг анхаарч, бүртгэлийг сайжруулсан. Тэгснээр өргөдөл, гомдлыг хайхралгүй орхих, дарах байдал буурч, ирсэн өргөдөл гомдлын тоо ч нэмэгдэж, шийдвэрлэлтийн байдал ч сайжирч байна. Иргэдээ сонсох, тэдний санал бодлыг хүлээн авах байдал сайжирч байна гэж ойлгож болно.

Хүлээн авах сувгуудаа биеэр, бичгээр, цахимаар, утсаар гэх мэт олон хэлбэрээр авах боломжийг бүрдүүлж байгаа. Тиймээс иргэд маань тэр бүгдийг ашиглаж сурах хэрэгтэй” гэлээ.

Дээрх өргөдөл, гомдлын 37 хувь нь бичгээр, 58 хувь нь утсаар, таван хувь нь биечлэн ирсэн болон цахимаар хандсан байна. Тэдгээрийн 63 нь санал, 98 нь гомдол, 3078 нь хүсэлт байгаа ба иргэд шүүмжилж, гомдоллохоос илүүтэй орон нутгийнхаа хөгжилд өөрсдийнхөө санал бодлыг ирүүлжээ. Энэ нь иргэдээ сонсох жилийн эхний үр дүн юм гэлээ. 

Холбоотой мэдээ