Өрхийн эмнэлгүүд эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө үнэгүй өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-10 12:40:22

Ховд аймгийн Эрүүл Мэндийн Газар Эх хүүхдийн эрүүл мэндэд анхаарах, эндэгдлийг бууруулах талаар аймгийнхаа бүх суманд ажиллаж, иргэдтэй уулзан, ярилцлага зохион байгуулж, санал авсан юм.

Уулзалтын үр дүнд аймгийн Засаг Даргын захирамжаар эх хүүхдийн эрүүл мэндийн талаар авах арга хэмжээний цогц төлөвлөгөө боловсруулаад ажиллаж байна.

Энэ арга хэмжээний нэг болгож өнөөдөр Ховд аймгийн Ард Аюушийн төв талбайд Ховд аймгийн төв Жаргалант сумын бүх өрхийн эмнэлгүүд нээлттэй хаалганы өдөр зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр  Бүсийн Оношилгоо Эмчилгээний төвийн хүүхдийн эмч нар бүх багуудын өрхийн эмч, сувилагч нар эрүүл мэндийн үзлэг хийж, иргэдэд зөвлөгөө өгч байна.

Энэ өдөр зуны улирал эхэлж байгаатай холбогдуулан жирэмсэн эхчүүд ямар хоол хүнс хэрэглэх, хоол хүнсэндээ юуг хориглох, мөн даралт ихсэх өвчний үед урьдчилан сэргийлэх, хүүхдэд хэвшүүлэх зан үйл, эмийн зохистой хэрэглээний талаар зөвлөгөө өгч байгаа ажээ.

Энэхүү зөвлөмж мэдээлэл, иргэдийн асуултад хариулт өгч зөвлөгөө өгч байгаа арга хэлбэр нь эх хүүхдийн эндэгдлээс урьдчилсан сэргийлэхэд иргэд, эцэг, эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилготой.     

             А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ