Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2021-02-25 15:37:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, маргааш өдөр Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Архангайн баруун хэсгээр цасан шуурга шуурна.

Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгаар, энэ сарын 27-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байхыг малчид, иргэд, тээвэрчдэд анхаарууллаа.


Энэ сарын 27-ноос гуравдугаар сарын 3-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын   27-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 27-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 

Холбоотой мэдээ