Б.Ганчимэг: Мэдээллийн агентлаг бол тухайн улсын тусгаар тогтнолынх нь бэлгэ тэмдэг юм

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2021-02-25 14:36:12
@ShoovdorBatbold

-Үндэсний Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, сэтгүүлч Бадамдоржийн Ганчимэгийн "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлага-


-Ирэх 2021 онд МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ой болох юм байна. Тэгэхээр Ардын хувьсгал, МОНЦАМЭ хоёр холбоотой болж байна уу?

-Тийм ээ, 2021 онд МОНЦАМЭ агентлагийг үүсгэн байгуулсны түүхт 100 жилийн ой болно. 1921 оны Ардын хувьсгалтай нас чацуу байгууллага. Анх байгуулсан түүх нь ч Ардын хувьсгал, жанжин Д.Сүхбаатартай холбогддог. Яагаад гээч?


-Яагаад?

-1921 оны гуравдугаар сарын 18-нд тухайн үеийн ардын журамт цэрэг Хиагт хот буюу одоогийн Алтанбулагийг гамин цэргүүдээс чөлөөлж, энэ нь явсаар 1921 оны Ардын хувьсгал ялахад нөлөөлсөн гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Хиагтыг чөлөөлөнгүүтээ жанжин Д.Сүхбаатар тэнд байсан цахилгаан мэдээний газар буюу одоогоор бол холбооны газрын техник хэрэгслийг шууд өөрийн мэдэлд авч, дайны хөлд эвдэрч сүйрснийг нь засч сэлбүүлээд тэндээс Оросын сургагч Демко гэдэг хүнээр тухайн үеийн Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын Дальта гэдэг мэдээний агентлаг руу “Монголын ардын журамт цэргүүд Хиагт хотыг гамин цэргүүдээс чөлөөллөө” гэсэн агуулгатай мэдээ дамжуулуулсан байгаа юм.

Энэ мэдээ нь Дальтагаас цааш РОСТА (өнөөгийн ТАСС агентлаг) агентлаг руу дамжиж, ингээд 1921 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн “Правда” сонинд “Монголчуудын бослого” нэрээр МОНТА мэдээллээ гээд нийтлэгдсэн. Өөрөөр хэлбэл, өнөөгийн МОНЦАМЭ агентлагийн анхны мэдээгээ цацсан өдөр бол 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр. Эндээс эхлээд МОНТА гэж мэдээллийн газар байгуулах асуудал хөндөгдөж, яригдсаар ардын журамт цэргүүд Нийслэл хүрээнд орж ирсний дараахан буюу 1921 оны долдугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас Монголын цахилгаан мэдээний агентлаг-МОНТА-г албан ёсоор байгуулсан. Анх Дотоод яамны мэдэлд байгаад удалгүй Цэргийн яамны харьяанд очсон.


-МОНТА гэж нэрлэсэн нь ямар учиртай юм бэ. Энэ нь одоогийн МОНЦАМЭ-тэй яаж холбогдож байгаа юм?

-МОНТА гэдэг нь Монгольское Телеграфное Агенство гэсэн үгийн товчлол л доо. Тухайн үедээ РОСТА-г хуулбарлаж ингэж нэрлэсэн байх. Оросуудад РОСТА байгаа бол Монголд МОНТА байна гэдэг ч юм уу. Сүүлд МОНЦАМЭ агентлагийг дахин сэргээж бие даалган байгуулахдаа энэ МОНТА гэсэн орос үгийн товчлолоо монгол хэлээр болгоод Монголын цахилгаан мэдээ буюу МОНЦАМЭ гэж нэрлэсэн. МОНЦАМЭ гэдэг нэр чинь бүр их эрдэмтэн Бямбын Ринчен гуайн өгсөн оноосон нэр шүү.


-Тийм үү, бас сонирхолтой л юм. МОНТА маань тухайн үедээ ямар үүрэг гүйцэтгэж байсан юм бэ?

-МОНТА тухайн үедээ яг л одоогийн мэдээллийн агентлагуудын жишгээр ажиллаж байж. Монгол болон орос хэлээр долоо хоногтоо хоёр удаа мэдээний сонин хэвлүүлдэг байсан. Нэг үгээр хэлэхэд, дотоодод төдийгүй гадаадад Монголын тухай мэдээллийг хүргэж байсан гэсэн үг. Монгол хэлээр гардаг “Хураангуй сэтгүүл”-д нь тухайн үеийн Монголын дотоод амьдрал, улс төр, эдийн засаг, Засгийн газар, Ардын нам, залуучуудын байгууллагын ажил үйлсийг мэдээлээд зогсохгүй гадаад орнуудад болж буй үйл явдлуудыг тогтмол мэдээлдэг “Хятад орноор”, “Орос орноор”, “Япон орноор”, “Европоор” гэсэн булангуудтай байж. Нөгөө орос хэлээр гардаг “Бюллетень МОНТА” сонин нь Монголын дотоод амьдрал, төр засгаас гаргаж байгаа бодлого шийдвэр, гадаад харилцаатай холбоотой мэдээллүүдийг бэлтгэж, энүүхэн Хиагт, Чита, Улаан-Үд, Эрхүүгээс эхлээд Москва, Санкт-Петербург хүртэл сониноо тараадаг байсан байгаа юм. Манай МОНЦАМЭ агентлагийн даргаар олон жил ажиллаж, МОНЦАМЭ агентлагийн түүхийг судалсан СГЗ, сэтгүүлч Т.Баасансүрэн гуай Төв номын санд байсан МОНТА-гийн эдгээр монгол, орос сонинуудаас үлдсэн дугааруудыг бүгдийг нь орчин цагийн монгол хэл рүү хөрвүүлүүлээд өөрөө судалгааны өгүүллийг нь бичиж тусгай ном гаргасан байгаа. Түүнийг унших юм бол, ялангуяа тэр мэдээлж байсан мэдээнүүдийг унших юм бол ёстой хачин сонин юмс их байгаа. Мэдээнүүд нь маш товчхон, оновчтой, тодорхой тоо баримттай, эх сурвалжтай гээд. Нөгөө талаар бас л тухайн үеийн Монголын түүх харагддаг. Жа ламыг хэрхэн баривчилж толгойг нь авсан, жанжин Д.Сүхбаатарыг яаж оршуулж, түүнд нь хэн хэн оролцон ямар үг хэлсэн гэдэг ч юм уу... Монгол, орос хэлээр сонин гаргаад зогсохгүй Монголын тухай мэдээллүүдийг цахилгаан мэдээ байдлаар багцалж бас гадагш нь тараадаг байсан байгаа юм. Яг л дэлхийн мэдээллийн агентлагуудын ажилладаг сонгодог зарчмаар ажиллаж байсан гэсэн үг.

Ташрамд дурдахад, МОНТА буюу МОНЦАМЭ агентлаг нь Ази тивдээ анхдагч агентлагуудын нэг шүү дээ. 1920 онд Туркийн АНАДОЛУ, одоогийн Казахстан буюу тухайн үеийн Зөвлөлт Казахын КАЗИНФОРМ агентлагууд байгуулагдсан. Энэ хоёр агентлаг маань 2020 онд 100 жилийн ойгоо тэмдэглэлээ. Тэгээд 1921 онд Монголын МОНЦАМЭ байгуулагдсан байдаг юм.


-МОНТА маань хэдэн он хүртэл ингэж ажилласан юм бэ. Сүүлд МОНЦАМЭ-г дахин байгуулсан биз дээ?

-Тэгээд 1923 оны сүүлчээр тухайн үеийн нам, засгийн шийдвэрээр МОНТА-г “Уриа” сонинтой нийлүүлж нэгтгээд “Нийслэлийн шинэ сонин” болгосон. 1930-аад онд тухайн үеийн МАХН-ын Төв хорооны дэргэд, 1940-өөд оноос “Үнэн” сонины дэргэд орос сонин гаргах, ТАСС-ын мэдээг монгол руу орчуулах, Монголын тухай мэдээллийг Орос болон тухайн үеийн социалист системийн орнууд руу явуулах зэрэг үүргийг гүйцэтгэсээр ирсэн. Яг л анх байгуулагдаад хийж байсан гадаадад мэдээлэх, гадаадын үйл явдлын мэдээллийг дотоодын уншигчдад хүргэх үүргээ гүйцэтгэсээр ирсэн гэсэн үг. Нөгөө талаар МАХН-ын Төв хорооны дэргэд ажиллаж байхдаа нам, засгийн удирдлагуудад дэлхийн олон орны мэдээллийн эх сурвалжуудаас нууцын зэрэглэлтэй мэдээллүүдийг тусгайлан орчуулж хүргүүлдэг байсан түүх ч бий. Сүүлд МОНЦАМЭ-г шинэчлэн байгуулсны дараа ч 1990 оныг хүртэл ийм нууц мэдээг дарга нарт тусгайлан бэлтгэж хүргүүлдэг тогтолцоо ажиллаж байсан юм билээ.

Бидний нэг баярладаг юм тухайн үеийн төр засаг маань яаж МОНЦАМЭ-г устгачихалгүй авч үлдэв ээ гэдэг нь. 1920, 1930, 1940-өөд оны манай улсын нөхцөл байдал чинь өнөөдөртөө харьцуулахгүй их асуудалтай, төрийн чадамж, эдийн засгийн хувьд ч дорой буурай байсан шүү. 1930-аад оны ардын бослого тэмцэл, их хэлмэгдүүлэлт, Халх голын дайн, 1940-өөд оны эх орны дайн, чөлөөлөх дайн гээд...

“Үнэн” сонины дэргэд гарч байсан орос сонин чинь одоогийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргаж байгаа “Новости Монголии” шүү дээ. 1942 онд Дэлхийн II дайн ид болж байхад анхны дугаараа гаргасан. Ингээд 1950-иад оны дундуур МОНТА буюу МОНЦАМЭ-г дахин байгуулах асуудал төр засгийн түвшинд яригдаж, 1957 онд дэлхийн мэдээллийн агентлагийн жишгээр бие даалган шинэчлэн зохион байгуулсан.

Яг түүхийг нь харах юм бол эхлээд “Үнэн” сонины дэргэд байгуулсан юм билээ. Тэгснээ удалгүй 2-3 сарын дараа МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн шууд мэдэлд авсан. МОНЦАМЭ энэ үеэс эхлээд дотоод үйл явдлыг мэдээлдэг, гадаадад мэдээллээ цацдаг, гадаадын мэдээг дотоодын уншигчдад хүргэдэг гол суваг дахиад болсон. Монголын радио, “Үнэн” сонин гээд тухайн үеийн Монголд гарч байсан хэвлэл мэдээллийн байгууллагууд бүгд МОНЦАМЭ агентлагийн мэдээг нийтэлдэг, дамжуулдаг байлаа шүү. Гадаадад мэдээлэхдээ ч ганц орос хэлээр биш англи, хятад, франц гэх зэрэг дэлхийн гол хэлүүдээр мэдээлж байсан. МОНЦАМЭ-г дахин байгуулаад харьяанд нь “Новости Монголии” сонин, “Mongolia today”, сэтгүүл, “Современная Монголия” буюу сүүлд “Монголия” нэртэй болсон сэтгүүл, 1929 оноос МҮЭ-ийн дэргэд гарч байсан хятад хэлээрх “Ажилчны зам” сонин, Улсын гэрэл зургийн газар зэргийг нэгтгэсэн.

Эхлээд Мэдээлэл, радиогийн улсын хороо гэж байгаад сүүлд телевиз байгуулагдсаны дараа Мэдээлэл, радио, телевизийн улсын хороо болсон том газрын чинь “Мэдээлэл” гэсэн нь МОНЦАМЭ-г хэлж байсан юм. Мэдээлэл нэгдүгээрт тавигдаж байсан байна шүү дээ. 1921 онд МОНЦАМЭ, 1935 онд Монголын радио, 1967 онд Монгол телевизийг байгуулсан. Тэгээд нэгтгээд нэг том хороо байдлаар ажиллуулж байж л дээ.

Үндсэндээ ийм байдалтай 1990 оныг хүргэсэн. Ингээд 1990 онд Мэдээлэл, радио, телевизийн улсын хороо маань задрахад МОНЦАМЭ агентлаг Засгийн газрын дэргэдэх мэдээллийн агентлагаар үлдсэн юм. Гадаад, дотоодод мэдээлэл цуглуулах, Засгийн газрын өмнөөс аливаа асуудлаар мэдэгдэл гаргах эрхтэй ийм байгууллага байв. Бүр МОНЦАМЭ агентлагийн дарга Засгийн газрын хуралдаанд байнга суудаг байж. 1996 он хүртэл ингэж явсан байдаг юм.


МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг сонин, сэтгүүлүүд


-Өнөөдөр МОНЦАМЭ маань ямар байдлаар ажиллаж байна вэ? 1921 оны МОНТА, 1957 оны МОНЦАМЭ агентлагийн хийж гүйцэтгэж байсан үүрэг одоо хэвээрээ байгаа юу?

-Өнөөдөр МОНЦАМЭ яг анх байгуулагдсан зарчмаараа л ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, дотоодын үйл явдлаа мэдээлэх, гадаад үйл явдлын мэдээг дотоод руу мэдээлэх, Монголын тухай мэдээ мэдээллийг дэлхийн түгээмэл хэлүүдээр гадаадад мэдээлэх гэсэн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.

Манайх Монголдоо анхдагч таван хэлээрх цахим хуудастай. Монгол, англи, орос, япон, хятад хэлээр өдөр тутмын мэдээг дотоод, гадаадад цацаж байна. Мөн үндэсний монгол бичиг болон англи, орос, хятад, япон хэлээр долоо хоног тутмын сонин, англи хэлээр улирал тутмын сэтгүүл эрхлэн гаргадаг. Нэмээд хэлэхэд манайх дэргэдээ гэрэл зургийн болон теле студи, хэвлэх үйлдвэртэй, 21 аймаг, хоёр хөрш ОХУ, БНХАУ-ын нийслэл Москва, Бээжинд албан ёсоор сурвалжлагч суулгадаг газар. Ялангуяа Монгол Улсыг гадаадад сурталчлах чиглэлээр хамгийн системтэйгээр ажиллаж ирсэн улалмжлалтай, өнөөдөр ч энэ уламжлалаа барьж буй байгууллага бол МОНЦАМЭ. Гадаадад ч МОНЦАМЭ-г Монголын албан ёсны агентлаг гэж хүлээн зөвшөөрдөг, манай цацсан мэдээллийг албан ёсны эх сурвалж гэж үздэг. Ази, Номхон далайн 44 улсын мэдээллийн агентлагийг нэгтгэсэн ОАНА буюу Ази, Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн, дээрх 44 агентлагийн 20 гаруйтай нь албан ёсоор мэдээлэл, сэтгүүлч, инженер техникийн ажилтан солилцох гэрээ байгуулаад ажилладаг. Үүнд нь хоёр хөрш орон ОХУ, БНХАУ-ын ТАСС, РОССИЯ СЕГОДНЯ, СИНЬХУА, Японы КИОДО, НИККЕЙ, БНСУ-ын ЁНАП, Туркийн АНАДОЛУ болон Болгар, Вьетнам, Казахстан, Азербайжан, БНАСАУ, Иран, Малайз, Тайланд, Энэтхэг, Австрали, Украин зэрэг олон орны агентлагууд багтдаг. Ройтерс, Америкийн дуу хоолой зэрэг барууны орнуудын агентлагуудтай ч олон жилийн хамтын ажиллагаатай явж ирсэн. Ер нь мэдээллийн агентлагийн гол онцлог чинь гадаад харилцаа шүү дээ. Энэ тал дээр манайх бэхжсэн, хамтын ажиллагааг байнга өргөжүүлж ирсэн, гадаадын мэдээллийн агентлагууддаа хүлээн зөвшөөрөгдсөн газар.


Нөгөө талаар сүүлийн жилүүдэд техник технологийн шинэчлэл тодорхой түвшинд хийлээ. Дотоод, гадаадад түгээж байгаа мэдээллээ яаж олон хүнд хүргэх вэ гэдэгт илүү анхаарч цахим хуудсаа шинэчлэх, сошиалд олон сувгаар оролцож идэвхтэй байх тал дээр анхаарч ажиллалаа. Хамгийн сүүлд олон хэлний мэдээлэл түгээх гар утасны апп ашиглалтад орууллаа. Теле студидээ тулгуурлаад монгол болон англи хэлээр нэвтрүүлэг бэлтгэх ажил руу энэ жилээс эрчимтэй орж байна. Үр дүнд нь цөөнгүй нэвтрүүлэг бэлтгэж, хамтын ажиллагаатай төвийн телевизүүдээр дотоод гадаадад цацлаа. Цаашид теле студиэ гадаад сурталчилгаанд тулгуурласан олон хэлээр мэдээ, нэвтрүүлэг цацдаг телевизийн суваг болгох төлөвлөгөө бидэнд байна. Олон улсын жишгээр бол мэдээллийн агентлаг нь телевизийн суваг, радио, сонин, сэтгүүл, өдөр тутмын мэдээлэл, тоймын товхимол, цахим хуудас, нийгмийн мэдээллийн бүх төрлийн сувагтай байдаг. МОНЦАМЭ агентлагт телевиз, радиогийн сувгаас бусад нь байна. Цаашид өөрийн үйл ажиллагааны чиглэлдээ тулгуурласан гадаад сурталчилгааны телевиз, радиогийн сувагтай болох зайлшгүй шаардлага бий болсон. Гэхдээ наана нь агентлагийнхаа албан ёсны статусыг тодорхой болгож хуульчлуулах том ажил байна аа.


-Нээрэн МОНЦАМЭ агентлагийн статусын асуудал гээд үе үе яригдаад байдаг санагдаж байна. Энэ чинь ямар учиртай юм бэ?

-Энэ талаар ярих юм бол урт түүх болно оо. Дээр хэлсэнчлэн МОНЦАМЭ Засгийн газрын дэргэдэх мэдээллийн агентлаг гэдэг статустайгаар 1957-2005 он хүртэл явж ирсэн. Гэхдээ дунд нь буюу 1998 онд Монголд анх удаа Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль гэж батлагдсан. Энэ хуулиар төрийн байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байж болохгүй, байгаа газруудаа заримыг нь хувьчилж, Монголын радио, телевиз, МОНЦАМЭ-г хууль гаргах замаар өөрчлөн зохион байгуул гээд заачихсан. Энэ дагуу бидний мэдэх “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сонинууд хувьчлагдаад өнөөдрийн “Өдрийн сонин”, “Зууны мэдээ” сонинууд болсон шүү дээ. Олон нийтийн радио, телевизийн тухай хууль гараад МҮОНРТ гэж өөрчлөгдсөн. Харин МОНЦАМЭ агентлагийн хууль эрх зүйн орчныг өнөөдрийг хүртэл тодорхой болгож өгөөгүй байна, манай төр засаг. 1998 оноос хойш гэхээр бүтэн 22 жил болж шүү. 2005 онд тухайн үеийн Засгийн газар Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг хэрэгжүүлнэ гээд манайхыг гадаад сурталчилгааны үүрэг дээрээ тулгуурлаад ГХЯ-ны харьяанд ор гэсэн, манайхан үүнийг эсэргүүцээд тэгсгээд больсон юм билээ. 2005 оноос хойш Ерөнхий сайдын харьяанд, гэхдээ албан ёсны тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудын тоонд оролгүй, төсвөө тэндээс аваад явж ирсэн. Сая сонгуулийн дараа шинээр байгуулагдсан Засгийн газар манайхыг ЗГХЭГ-ын харьяанд болгож шилжүүлсэн байна.

Нэгэнт Хэвлэлийн эрх чөлөөний хуульд заагаад өгчихсөн учраас МОНЦАМЭ хуультай болох гэж сүүлийн 20 жил хөөцөлдөж байгаа юм. УИХ, Засгийн газартай хамтраад олон ч хуулийн төсөл боловсрууллаа. Харамсалтай нь Засгийн газар дээр хэлэлцэгдээд цааш УИХ руу орж байгаагүй. Засгийн газар дээр яг сайхан асуудал яригдаад явж байтал сонгууль болоод Засгийн газар солигдоод, төр засаг үймээд бүхнийг эхнээс нь эхэлдэг дээ. Яг л нөгөө Францын алдарт зохиолч, философич А.Камюгийн “Сизифийн домог” шиг юм болно. Ямар сайндаа манай Т.Баасансүрэн гуай “Манай төрийн томчууд телевизээр ярих дуртай болохоор радио, телеизийн хуулиа гаргачихаад МОНЦАМЭ-г хаячихлаа” гэх вэ дээ. Аргаа барж байгаа л хэрэг.

Уг нь бол, шулуухан хэлэхэд аливаа мэдээллийн агентлаг гэдэг нь тухайн улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг байдаг юм шүү дээ. 1921 онд Ардын хувьсгал ялж, Монголын тусгаар тогтнолыг зарлахтай зэрэгцээд МОНТА буюу МОНЦАМЭ-г байгуулсан нь ч ийм л учиртай. Тухайн үеийн манай өвөг дээдэс маш ухаалаг байсан байгаа биз. Одоо ч гадны орнуудад дайн байлдаан болж, төрийн эргэлт энэ тэр хийлээ гэхэд хамгийн түрүүнд мэдээллийн агентлаг, радио, телевизийг нь эзэлж авч өөрсдийнхөө тухай мэдээллийг дотоод гадаадад цацдаг, ухуулга сурталчилгаагаа хийдэг. Мэдээллийн агентлаг гэдэг чинь ингэж тухайн улсын тусгаар тогтнолтой холбогддог, тусгаар улс шүү гэдгийнх нь баталгаа болдог. Харамсалтай нь тусгаар тогтнолынхоо бэлгэ тэмдэгт манай шинэ үеийн төр засаг үргэлж дагавар, шоовдорлогдсон хүүхэд шигээ хандаж ирлээ. Гэхдээ энэ байдал удахгүй ном журмынхаа дагуу шийдэгдэх байх гэж найдаж байна. Манай хамт олон итгэж хүлээсээр л байгаа даа.



-Сүүлийн үед статусаа тодорхой болгох талаар Та бүхний хийж байгаа ажлууд юу байна. Энд ахиц дэвшил гарч байна уу?

-МОНЦАМЭ агентлагийн үе үеийн дарга, удирдлагууд энэ талаар ажиллаж, хууль санаачилж, УИХ, Засгийн газарт ойлгуулах гэж эрмэлзэж ирсэн. 2000-2012 оны хооронд хоёр ч хуулийн төсөл санаачилсан байдаг юм. Сүүлдээ аргаа бараад Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд нөгөө төр засаг дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байж болохгүй гэдгийн араас “Энэ нь Монгол Улсыг гадаадад сурталчилдаг байгууллагад хамаарахгүй” гэсэн ганц заалт оруулах гэж ч үзсэн. 2013 оны үед хийгдэж байсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ийм заалт оруулчихаад байж байтал төсөл санаачилсан хүмүүс нь төслөө татаж аваад эргэж өргөн барилгүй 2016 оны УИХ сонгууль хүргэчихсэн. 2016 оны сонгуулийн дараа Засгийн газраас Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хийхэд нь манайхан бас ажлын хэсэгт нь ороод “Засгийн газар нь Монгол Улсын тухай мэдээллийг олон улсад түгээх, сурталчлах зорилго бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байж болно. Энэ хэсэгт заасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь арилжааны үйл ажиллагаа эрхлэхгүй бөгөөд нэгээс илүүгүй байна” гэсэн заалтыг оруулсан. Бас л УИХ-д өргөн барьж амжсангүй 2020 оны УИХ-ын сонгуультай золгочихсон. Сая шинээр байгуулагдсан Засгийн газар ажлын хэсгийн гишүүдийг шинэчилж байна гэхээр нь ажлын хэсэгт орох хүсэлтээ өгсөн. Дээрх заалтаа хэвээр хадгалахын төлөө л зүтгэнэ дээ. Засгийн газраас бидэнд өгч байгаа мэдээллээр бол хуулийн төсөл удахгүй өргөн баригдана л гээд байгаа. Тэгж байтал Ерөнхийлөгчийн сонгууль тулаад, сонгуулийн дараа дахиад засаг төр нь солигдоод асуудал өмнөх шигээ эхнээсээ эхлэх болчих вий гэж л айж байна шүү.

Уг нь энэ хууль батлагдчихвал МОНЦАМЭ агентлаг Засгийн газрын дэргэдэх гадаад сурталчилгаа эрхэлсэн бие даасан байгууллага болж цаашид хууль, эрх зүйн ямар нэгэн асуудалгүй, хэзээ биднийг татан буулгачих бол, эсвэл хэзээ Гадаад яам руу өгчих бол гэсэн айдасгүй үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой болох. Дахиад хэлэхэд итгэж, найдаж л байна даа.


-Эндээс цаашид МОНЦАМЭ гадаадад мэдээлэх үүрэгтээ тулгуурлаж л гол ажлаа явуулах юм байна гэж ойлголоо. Дотоодод мэдээлэх тал дээр ач холбогдол өгөхгүй гэсэн үг үү?

-Ер нь МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн гол чиглэл нь гадаадад мэдээлэх юм. Статус маань үүнд тулгуурлаж гарна гэж ойлгож байгаа. Гэхдээ дотооддоо мэдээлж л таарна. Болж байгаа үйл явдлыг дотооддоо мэдээлэхгүй байна гэж байхгүй. Дэлхийн мэдээллийн агентлагуудын жишиг ч ийм. Ялангуяа манай гол чиглэлийн нэг болох гадаадад болж буй үйл явдлыг дотооддоо мэдээлдэг ажил бол албан ёсны эрхтэй, цаашид улам бүр үнэ цэнэтэй болох ийм салбар. Үүнийгээ больчихож болохгүй, статусын асуудал ярихдаа ч үүнийгээ давхар ярьж ойлголцож байгаа.

Бодит байдал дээр өнөөдрийн манай сонин, сайтууд гадаад мэдээ хийдэг ганц ганц хүнтэй, гадны ямар ч хамаагүй мэдээллийн хэрэгслээс албан бусаар мэдээ орчуулдаг л болж хувирсан шүү дээ. Тэр нь баталгаатай эх сурвалж болж чадаж байна уу, дээр нь нөгөө дэлхий нийтээрээ яригдаад байгаа оюуны өмч, зохиогчийн эрхийн шаардлагыг хангах уу гээд үзвэл асуудалтай. Хүссэн, хүсээгүй цаашид оюуны өмчийг хамгаалсан, сошиал хэрэглээг дагасан хуурамч мэдээллээс зайлсхийж ялгарсан, албан ёсны агентлагуудын мэдээлэлд тулгуурласан мэдээллийн урсгалд дэлхий нийтээр орно. Үүнд манай агентлагийн үүрэг оролцоо чухал байна гэж харж байгаа.

Гэхдээ бид дотоодын мэдээллийн зах зээлд өрсөлдөгч болохгүй. Ийм шаардлага ч байхгүй. Гадаад сурталчилгаанд зориулсан цэгцтэй, зорилтот мэдээлэл бэлтгэх тал дээр гол үйл ажиллагаагаа төвлөрүүлнэ. Ингэж ч ирсэн. МОНЦАМЭ гадаадад мэдээлэх чиглэлээр олон жил ажилласан уламжлалтай тул орчуулагчид нь мэргэжлийн ур чадвар сайтай, Монгол Улсыг гадаадад эерэг талаас нь сурталчлах туршлагатай, бэлтгэгдсэн боловсон хүчинтэй газар. Бас Монгол Улсын тухай мэдээллийг албан ёсны түвшинд гадаад орнуудад өдөр тутам түгээж буй ганц суваг. Энэ тал дээрээ илүү төвлөрч ажиллана даа.

Манай ажилчдын чинь тал нь орчуулагчид шүү дээ. Англи, орос, хятад, япон, франц, герман гээд олон хэлтэй хүмүүс ажиллаж байна. Хуучин цагт бол МОНЦАМЭ агентлагийн энэ орчуулагчдыг чинь тусгай томилолтоор Москвад ажиллуулж “Октябрийн туяа” сэтгүүлийн орчуулга болон Москвагийн радиод мэргэжлээр нь ажиллуулдаг байлаа. Бүр Орос, Хятадад суух МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч нь тус улсад суугаа Монголын ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн даргын статус дээр албан ёсоор давхар ажилладаг байсан байгаа юм. Одоо ч бидэнд ийм нөөц бололцоо байгаа.


-Гадаадад мэдээлэх асуудлыг манайхан сайн ойлгодоггүй байх аа даа. Ялангуяа дэлхий нийтээрээ нээлттэй болсон энэ үед хэн хаанаас ч хүссэн мэдээллээ олоод авчихна гэх хүн захаас аваад л тааралддаг...

-Манай зорилго бол улс орныхоо тухай эерэг, албан ёсны, цэгцтэй, зорилтот, нэг сувгийн мэдээллийг тасралтгүй түгээх юм. Үүнийг төр засаг бодлогоо гаргаж, түүнийх нь дагуу хийдэг. Сүүлийн үед дэлхий нийтээрээ л “зөөлөн хүч” гэж яриад байгаа даа. Энэ зөөлөн хүчний чинь нэг эд эс нь албан ёсны мэдээллийн агентлаг шүү дээ. Энэ байр сууриа л олох тухай бид яриад байгаа юм. Түүнээс биш хаа хамаагүй байгаа мэдээг хүссэн хүн авч болно. Тэр дотор үнэн ч юм бий, худлаа ч юм бий. Төр засаг түүнд найдаад, түүгээр гадаад сурталчилгаа маань болчихно гэж байгаа бол эмгэнэл. Эсвэл Холливудтай хамтраад ганц кино хийчихвэл, энд тэнд урлагийн тоглолт зохиогоод уртын дуугаа сонсгоод бүх хүн Монголыг мэддэг болчихно гэвэл бас л эндүүрэл. Мэдээж дээрх бүхэн гадаад сурталчилгаанд нэмэртэй. Гэхдээ мэдээллээр дамжуулж улс орноо сурталчлах асуудал Америкт ч, Их Британид ч, Япон, Солонгост төр засгийн оролцоотой хийгддэг, онцгой ач холбогдол өгдөг салбар нь юм. За, мэдээж манай хойд, өмнөд хөршийг бол бүр ярилтгүй. Хятадад СИНЬХУА гээд мэдээллийн иж бүрэн цогцолбор байна. Телевиз, радио, сонин, сэтгүүл, сайт гээд... Цаана нь CCTV хичнээн хэлээр дэлхий даяар мэдээлэл цацаж байна? Орост 1990-ээд оны эхээр ТАСС-аа хувьчилчихаад болохоо болингуут эргээд хяналтын багцаа төр засаг нь авсан байх жишээтэй. Хуучин салангад байсан олон мэдээллийн хэрэгслүүдээ нэгтгээд “Россия сегодня” гэсэн гадаад сурталчилгаа дагнасан агентлаг байгуулчихлаа.

Бидний үлгэр жишээ болгодог Америкт Төрийн департаментынхаа дэргэд BBG гээд гадаад сурталчилгааны агентлагтай. Үүнд нь Америкийн дуу хоолой, Чөлөөт Ази, Европ, Африк гэх мэт сувгууд нь багтдаг. ВВС хэдийгээр хувь нийлүүлсэн нийгэмлэг ч Английн хатан хааны баталгаажуулалттай, гадаад сурталчилгааны төсөв Засгийн газраасаа авдаг байх жишээтэй. Японы КИОДО, Өмнөд Солонгосын ЁНАП агентлаг яг адилхан. Ингээд жишээ татаад байвал том, жижиг гэхгүй бүх улс орон гадаад сурталчилгаандаа ач холбогдол өгч, мэдээллийн агентлагтаа тулгуурлан ажилладаг нь харагддаг юм.


-Манай улсын гадаад сурталчилгааны байгаа байдал өнөөдөр ямар байгаа юм бэ. Та энэ тал дээр ажилладаг байгууллага удирддаг хүний хувьд тодорхой санаа оноотой явдаг байх...

-1990 оноос өмнө бол үнэхээр бодлоготой, ач холбогдол өгдөг байсан юм билээ.Түүнээс хойш Монгол Улсын гадаад сурталчилгаа үндсэндээ “Мөнгөө төлөөд танилц” гэсэн зарчмаар явж ирсэн. Тухайлбал, манай МОНЦАМЭ агентлагийн гадаад сурталчилгааны хэвлэлүүд захиалгын системтэй өнөөдрийг хүрлээ. Тухайн хэвлэлийг мөнгөө төлж захиалсан хүн л үзэх боломжтой. Гэтэл ийм систем АНУ зэрэг өндөр хөгжилтэй цөөн оронд хэрэгждэг. Учир нь тэд том, хүн болгон очиж үзэхийг хүсдэг учраас мөнгөө төлөөд ч хамаагүй мэдээлэл авдаг. Манай мэтийн хөгжингүй орнууд бол төсвөөсөө мөнгө гаргаж, түүгээрээ гадаад сурталчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэн боломжит бүх сувгийг ашиглаж үнэгүй түгээх замаар улс орноо сурталчилдаг. Ойрхны жишээ бол Сингапур, Энэтхэг, БНСУ гэх мэт. Хятад, Орос ч ялгаагүй, Онгоцонд суухад л дэлхийн түгээмэл хэлээр хэвлэгдсэн тухайн орны сонин, сэтгүүл, аялал жуулчлалд зориулсан танилцуулах материал үнэгүй байдаг. Цаашлаад онгоцны буудал, галт тэрэгний буудал, зочид буудал, амралт зугаалгын газар үнэгүй тавьчихдаг. Тухайн оронд очсон хүн үнэгүй энэ мэт материалаас мэдээлэл авч болохоос гадна хажуугаар нь үнэтэй зарагддаг нэмэлт материалуудаас ч авах нь нээлттэй. Олон улсын гадаад сурталчилгааны жишиг ийм болсон.

Цаашид манай улс энэ чиглэлгүй явахгүй бол хэвлэл захиалгын систем өөрөө үр ашиггүй болж, хэвлэмэл бүтээгдэхүүний зах зээл жилээс жилд хумигдаж байна. Хэвлэл захиалан уншдаг уншигчдын тоо жилээс жилд буурч байна. Үүний нөгөө талд нь үнэгүй мэдээлэл үзэж болдог цахим хуудас, нийгмийн мэдээллийн хэрэгслүүдийн тоо өдөр өдрөөр өсөж байна. Ийм нөхцөлд бид олон жилийн турш хэрэглэж ирсэн “Мөнгөө төлөөд манай орны тухай мэдээлэлтэй танилц” гэдэг арга барилаараа цаашид ажиллах аргагүй болж байгаа юм.


-Улсаас гадаад сурталчилгаанд зориулж тодорхой мөнгө гаргах ёстой гээд байна аа даа...

-Тийм, өөр арга байхгүй. Гадаад сурталчилгааны бодлоготой байхаас гадна маш их биш юм аа гэхэд тодорхой хэмжээний мөнгө гаргаж байж улс орноо үр дүнтэй сурталчилна. Түүнийгээ дагаад олон улсад эерэг имижтэй болно, аялал жуулчлал нь хөгжинө, хөрөнгө оруулалт орж ирнэ. Бодлогогүй, мөнгөгүйгээр гадаад сурталчилгаа хийнэ гэдэг бол ёстой “Уучлаарай” болсон шүү дээ.


Ярилцсан: Дэмбээгийн Оюунтуяа 

("Өдрийн сонин"-ы 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаараас товчлон нийтлэв)


Холбоотой мэдээ