Иргэдийг вакцинжуулалтад хамруулах бэлтгэл ажлыг хангалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-02-24 12:21:22

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын орлогч дарга С.Пүрэвсамдангаар ахлуулсан ажлын баг вакцин хүлээн авах, тээвэрлэх, хадгалах байр, тоног төхөөрөмжийн бэлтгэл, бэлэн байдлыг газар дээр нь шалгалаа.

Тус аймагт коронавирусний эсрэг вакциныг байнгын 10, түр 15 цэгээр дамжуулан хийх бөгөөд явуулын 4 багт 32 эрүүл мэндийн байгууллагын ажилтан албан хаагч ажиллахаар төлөвлөн бэлтгэл бэлэн байдлаа бүрэн хангасан байна. Харин вакцин яг хэзээ Дархан-Уул аймагт ирэх талаар албаны мэдээлэл өгөөгүй байна.

Түүнчлэн Дарханыхан аль улсын, ямар нэртэй вакцин хийлгэх нь одоогоор тодорхой болоогүй. Цар тахлыг хумих цаашлаад эдийн засгаа сэргээх, үйлдвэрлэл үйлчилгээг хэвийн горимоор ажиллуулахад иргэн бүрийн хариуцлага чухал гэдгийг анхаарах хэрэгтэй бөгөөд иргэдээ вакцинд хамрагдахыг уриалж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины эхний тунг хийлгэсэн. Тиймээс иргэд вакцины талаарх сөрөг сэтгэгдэл бусдад төрүүлэхгүй, ташаа мэдээлэл бусдад хүргэхгүй байхыг аймгийн ЭМГ-аас уриалж байна.

 

 

Холбоотой мэдээ