ҮЗҮҮР ОРОЙН ЦАС

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2021-02-23 19:07:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Аливаа юмны шувтрах тэр л дээд цэгийг үзүүр орой хэмээдэг. Магадгүй оргил өндөр уулсын энэ л цэгт тогтсон цас хэзээд үл хайлах билээ. Зарим хэсэг нь наранд хайлсан ч орой нь мөстөж, хэсэг нь уулын хяр луу өнхрөн унасан ч тэнд цас байсаар л байна. Үүнийг хүнтэй зүйрлэвэл амьдралынхаа туршид хийж бүтээхийн оргилд хүрсэн, насан турхруу цаашлан зүтгэсээр байсан өдрийн од шиг цөөхөн нэгэнтэй л харьцуулж болно. Бахархам сайхан нь түрүүлж буцдаг хорвоо. Бахархуулах зүйлгүй ч хэн бүхэн хүсмээр энгийн сайхнаар орчлон туулсан нь ч бас л түрүүлж буцдаг хорвоо доо. Харин цасан дээр үлдсэн мөр хайлавч, цаасан дээр таталсан бичиг цагийн салхийг тэсч үлддэг. Тэдгээрийг бийрлэгч хүмүүсийн оюун санааны гүнээс олзлон түүсэн үнэт агуулгаар дүүрэн нэгэн ном ширээн дээр байна.


Энэ бол “Номын жор” сангийн үүсгэн байгуулагч Б.Базарсүрэнгийн зохиолч судлаач, сэтгүүлч, бичгийн хүмүүстэй хийсэн “Номын жор II” хэмээх номин ногоон хавтастай ярилцлагын эмхэтгэл бүтээл юм.


Г.Аким гуай нэгэн удаа Манайхан уран зохиолын ном ерөөсөө уншихаа больчихсон байна. Монголын бүхий л алдартай уран зохиолчдыг уншихгүй байна. Тэр гоё үг, найруулга чинь тэр алдартай бүтээлчдийн бүтээл дотор байж байдаг. Тэднийг л уншиж түүн дотроосоо л сувдыг нь түүж авах хэрэгтэй” хэмээн хэлсэн нь бий. “Номын жор II” номын ярилцлагуудаас эх хэлнийхээ баян тансагийг ухан ойлгож, хайрлан хамгаалах сэдэл нэн тэргүүнд төрснийг онцлон дурдууштай.


I.



Юун түрүүнд нэг асуулт тавих шаардлага зайлшгүй гарч ирнэ. “Номын жор” гэж юу вэ? Үнэхээр ном унших, бичих, ном бүтээх тусгай жор гэж бий юү? Ном ер нь тийм хоолны орц шиг бүтэцтэй зүйл мөн үү? Ганц талтай зүйл гэж үгүй. Тиймээс эдгээр асуултанд “тийм юм байхгүй” гээд товчхон хариулаад өнгөрчихөж болно. Гэтэл нөгөө талаас нь ажиглаад үзвэл онхи ондоо зүйлс яригдана. Уншигч таныг энэ тухай бодолхийлэх зуурт асуултын хариуг номон дотроос хайгаад үзье.


Номын зохиолч Б.Базарсүрэн яг дээрхтэй ижил асуултыг доктор, зохиолч Л.Дашнямд тавьж үзжээ. Харин “Ном гэдэг үнэхээр өөрийн гэсэн жортой!” гэх өгүүлбэрээс бусдаар өөр тоймтой хариулт үгүй, авсан жишээ нь ч тааруухан байв. Гол нь зохиолч Л.Дашням ямартаа ч ном бүтээхэд жор бий гэдэгт итгэлтэй байна. Үүнийгээ хоол болон эмийн жортой хольж болохгүй гэдгийг ч анхааруулжээ. Гол нь яагаад тоймтой хариу гарч ирсэнгүй вэ? Мэдээж ном бүтээх жор бол зохиолчийн өөрийн арга барил, бичлэгийн онцлог, бичих дадал зуршил зэрэгт суурилна шүү дээ. Тиймээс ярилцлагын уг хэсэгт тус асуудлуудыг хөндсөн бол ярилцагч маань асуултандаа бүрэн дүүрэн хариулт авч чадах байсан болов уу.


Мөнхүү цаашилбал Л.Дашнямтай хийсэн ярилцлага дунд “Миний ном дэлгүүр хоршоонд, энэ тэнд байвал та нар ядаж л хэдэн хуудас ч болохноо эргүүлж, сөхөөд юу гээд байгааг маань тоймлочихож байгаарай” гэх үгс ч буй. Яахав уншигчидтайгаа уулзах үеэр эрхэм зохиолч ийн хэлчихэж болно. Харин текст болгон буулгахдаа хар ярианы дэл сул үгсийг танаж, найруулга зүйн алдаагаа хянадаг шиг дээрх өгүүлбэрийг хасчихад огт буруудахгүй байв. Мөнхүү хариултаас асуулт ургаж, асуудал дэвшүүлж, судалгаанд үндэслэж, жижүүрийн асуултаас аль болох зайлсхийсэн, зохиолчийн улам гүн рүү нэвтэрсэн, тухайн зочныг олон талаас нээн харуулсан ярилцлага тун амттай болдог. Гэтэл номын жорын тухай ярьж байснаа шуудхан л онгод авьяас руу үсэрч орох нь яриагаа огтхон ч залж, чиглүүлж чадахгүй байгаа хэрэг. Нөгөөтэйгүүр зочин этгээдийн яриаг тулхтай сайн ойлгоогүй ч юм шиг ажиглагдана.


Энэ мэтчилэн ярих асуудал олон байгаа ч нэг талаас зохиолч уншигчдын уулзалтын үеэрх ярилцлага гэдгийг бодууштай аж. Хоосон өрөөнд хоёулхнаа сууж дотор байгаа бүхнээ уудлах, олны өмнө нээлттэй ярилцлага хийх зэрэг нь хоорондоо мэдээж ялгаатай. Тиймээс зүгээр л “Номын жор” уулзалтанд очиж зочдоор дүүрэн танхимд номын зохиогч, уригдсан зочид ярилцаж байна хэмээн төсөөлөөд уншиж үзье.


II.

СГЗ, зохиолч Ч.Галсан, "Номын жор II" номын зохиолч Б.Базарсүрэн. 2015 он


Ер нь номоос таалагдсан жишээ бүхнийг дурдаж, хүн бүрийн ярилцлага дээр дүгнэлт хийх нь тийм ч оновчтой биш. Таалагдсан эшлэл бүрээ түүгээд тэмдэглэчихвэл, түүнийг нийтэлчихвэл номыг хэсэгчлэн олшруулж зохиогчийн эрхийг зөрчиж байна гэсэн үг. Харин уран зохиолын номонд онолын хүрээнд тусгай задлан шинжлэл хийж, бүтээлийн гол санааг тодруулахын тулд үйл явдлын детал шугамууд, дүрийн задаргаа зэрэгт дүн шинжилгээ хийж болно. Гол нь баримтат уран зохиол, сэтгүүл зүй, хувь хүний хөгжил, дуу хөгжмийн номууд дээр өөр арга барил зохирох нь мэдээж.


“Номын жор II” номд АУЗ Т.Галсан, СГЗ Л.Дашням, Ч.Галсан, Д.Амбасэлмаа, Ардын багш, ШУГЗ С.Дулам, Төрийн соёрхолт, Ардын багш Ш.Чоймаа, СГЗ Л.Нямаа, яруу найрагч, зохиолч Д.Оюунчимэг зэрэг хүмүүсийн ярилцлага багтжээ.


Үүн дотроос СГЗ Ч.Галсантай хийсэн ярилцлагыг онцолж болно. Энэ бол номын зохиогч Б.Базарсүрэн нь Ч.Галсан зохиолчтой хоёр дахь удаагаа уулзаж хийсэн яриа бөгөөд сонирхолтой нь ардын дуугаар эхэлж, аман захиасаар төгссөн байна. Басхүү зохиолчийн гол бүтээлүүдийн нэг болох “Арван сарын тэнгэр” дор тэд хөөрөлджээ. Эхлэлээс авхуулаад зохиолчийн орчлонд мэндэлсэн өдрүүдийн талаарх сонирхолтой ярианууд хөврөнө. Тэр болгоныг нуршиж хэрхэн барах билээ. Гол нь Алтайн ууланд өсөж торнисон бага нас, болоо ч үгүй бөөтэй холбоотой дурсамжууд, хамгийн гол нь байгальд ойр хүний сэрэхүйгээс эхлээд Герман оронд суралцахаар явсан онц жилүүд хүртэлх яриа нь хоорондоо огт гажиж, нэгээс нөгөө рүү харайлгүй, дундуур нь нэг ташуу асуулт шуудхан дайран орж ирэлгүйгээр хөврөнө. Яг л Ч.Галсан зохиолчийн тухай дурсамж хөвөрдсөн нийтлэл уншиж буй мэт.


“Хүмүүс хэлийг эзэмшсэн гэж ярих юм. Хүн хэлийг хэзээ ч эзэмшиж чадахгүй” хэмээжээ. “Герман хэлийг сайн сурсан уу” гэх асуултанд өгсөн хариулт нь энэ. Ер нь хэлийг “төгс” эзэмшинэ гэдэг маш хэцүү. Хүн өөрийн унаган төрөлх хэлний баян тансаг үгсийг ч бүрэн гүйцэд таньж, мэдрээгүй байдаг шүү дээ. Нөгөөтэйгүүр “Хамгийн сайн “Номын жор” юу вэ гэвэл өөрийгөө хайр найргүй харуулах. Манай ихэнх зохиолчид хүн гэдгээ мартчихаад байх юм. Хүн гэдэг чинь сайнтай муутайгаа зэрэг оршиж байдаг юм” гэсэн үгстэй тааралдана. Зарим талаар их өрөөсгөл байж болох талтай дээрх өгүүлбэрийн “өөрийгөө хайр найргүй харуулах” гэдэг үгс нэг тийм амьтай сонстоно. Ер нь ямар ч мэргэжил эзэмшсэн байлаа хүн өөрийгөө нээж, дотоод сэтгэлээ хайр найргүй онгичиж үгсээр бийрлэх нь нээрэн ч хамгийн сайн “жор” байж мэдэх талтай.


Харин Ардын багш, доктор С.Дулам гуайн ярилцлага нэлээд дэлгэрэнгүй, басхүү нуршуу хариулт ихтэй, тэр дунд таслаж болох текстэн дээр ажиллаагүй санагдана. Гол нь эхлэл хэсэгт ярилцагч өөрөө зочныхоо асуултанд хариулах байдлаар хууч хөөрсөн нь онцлогтой шийдэл болжээ.


Мэдээж ярилцлага нь одоо цагт бол цаг хугацаа ихээхэн зарцуулагддаг сул талтай болоод буй. Үүнийг орлох техник технологитой холбоотой зарим хялбарчилсан төрөл зүйлүүд ч үүсэн хөгжсөн. Басхүү зорилгоосоо хамаараад өөр, өөр байх нь ч бий.


Ямартаа ч СГЗ Л.Нямаатай хийсэн ярилцлагаас мэдлэг, уншиж боловсрохын ач тус, дотоод эмзэглэл зэргийг харж болно. Басхүү “Энэ л хүн ирээдүйд хийж бүтээх ёстой” гэсэн итгэл сэтгэлийнх нь хаа нэгтээ амьд асан хэвээр оршсоор л байдаг байна. Харин ярилцагч “Та хоёр маань юун тухай ярьж байна?” хэмээн хөөрөлдөөн дуусах мөчид асуужээ. Энэ нь яруу найрагч Л.Нямаагийн гэргий Бүдхандын тухай асуусан хэрэг. Насан өндөр гарсан буурлууд хэрхэн юу ярилцаж, хэзээд нь Нямаа ах ном зохиолтойгоо зууралдаж суудаг бол гэж хачирхсан ч байж болно. Гэтэл “Жаргаж байгаагаа л ярина шүү дээ” хэмээн хариулчихаж байгаа юм. Хачин гоё. Тэгснээ бас болоогүй анх танилцаж байсан тухайгаа “Бүдханд ганцаараа, би ганцаараа байхад Бүдхандынд очиж суусан юм” гэж хэлээд л болох нь тэр. Унших явцад өөрийн эрхгүй инээд хүрэх, хайрлах сэтгэл хослон төрнө.


Үзүүр оройн цас шиг энэ л сайхан эрхмүүдийн ярилцлага дунд үнэхээр л зовсон, зүдэрснээ тэгж их тоочиж, гомдол нэхээд суусан хүн үгүй. Тэд бүгдээрээ л жаргаж байгаагаа л ярьжээ. Харин жаргаж унших, жаахан эмтэрч үзэх нь уншигчийн л шийдэх асуудал юм.

Хач

 

 

Холбоотой мэдээ