Монгол Улс мэдлэгийн болон инновацын “Accelerator Lab” сүлжээнд нэгдэв

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-02-23 13:18:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр Монгол Улсад анх удаа “Accelerator Lab” үүсгэн байгуулж өнөөдөр нээлтээ хийлээ. 

"Accelerator Lab" нь хурд, цар хүрээгээр дэлхийд тэргүүлэх хамгийн том мэдлэгийн болон инновацын сүлжээ юм. Тодруулбал, энэ нь улс орнуудад тулгарч буй хөгжлийн сорилтыг дотоодын инновац, хамтын ухаалаг шийдэл болон туршилтад үндэслэн шийдвэрлэхэд зориулсан шинэлэг арга барилыг түншүүддээ бий болгож өгөх зорилготой. 


Арга хэмжээг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич нээж хэлэхдээ, улс орнууд дэлхий нийтээрээ Тогтвортой хөгжлийн зорилтуудыг бүрэн биелүүлэхэд ердөө 9 жил үлдээд буйг онцлоод, "Энэ онцлох мөчид “Accelerator Lab” Монгол Улсад нээлтээ хийж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Бид илүү хурдтай, илүү сайнаар мөн урьд өмнө нь байгаагүй илүү өргөн цар хүрээтэйгээр Монгол Улсыг дэмжин ажиллахын тулд бодлогын бөгөөд хэрэгжилтийн түвшний одоогийн арга барилаа өөрчлөн ажиллана" гэдгээ цохон тэмдэглэлээ.

Тэрээр, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсын өмнө тулгамдаад буй сорилтуудыг системийн сэтгэлгээний аргачлалаар тодорхойлж, шийдэх салбар салбарын төлөөллөөс бүрдсэн Зөвлөх хороог өнгөрсөн онд байгуулсан.

Хамтын шийдэл дээр суурилсан энэхүү санаачилгыг (Sensemaking) “Accelerator Lab” цаашид улам өргөжүүлэн ажиллах ба энэ нь дотоодод буй инновацыг нээж, дэмжиж, өргөжүүлснээр хөгжлийн цогц шийдлийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Ингэснээр Монгол Улсын Засгийн газрыг иргэн бүртээ чанартай, оролцоотой боловсрол олгох, мөн ядуурлыг бууруулах, тогтвортой амжиргааг бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх боломжтой юм гэдгийг хэлэв. 

“2020 оноос эхлэн Монгол Улсын Засгийн газар дижитал шилжилтийг бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болгон ажиллаж байгаа ба төрийн үйлчилгээнд дата болон технологид суурилсан инновац нэвтрүүлж төрийн үйлчилгээний хариуцлага болон ил тод нээлттэй байдлыг нэмэгдүүлэх юм” гэдгийг нээлтэд оролцсон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б. Болор-Эрдэнэ хэллээ.


Монгол дахь “Accelerator Lab”-ын нээлтэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ёорн Розенберг, "Старт" компанийг үүсгэн байгуулагч Б.Пүрэвсүрэн, "Faro Foundation Mongolia" ТББ-ын үүсгэн байгуулагч А.Бямбажаргал нар болон Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газрын дарга тэргүүтэй зочид болон салбарын манлайлагчид оролцлоо.


Холбоотой мэдээ