Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгөөс: Монгол эмээл

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2021-02-23 09:34:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол эрчүүдийн гоёл чимэглэлийн нэгэн бол эмээл юм. Хүннүгийн үед /МЭӨ III-МЭ I зуун/ эмээл хэрэглэж байсан мэдээ буй.


Нүүдэлчдийн хамгийн өргөн хэрэглэж байсан уналгын мал бол адуу бөгөөд адууг эрхэмлэн хүндэтгэж ирснээр адууны тоног хэрэгсэл улам боловсронгуй болсоор дундад эртний үед эмээл нь урд бүүрэг босоо, ар бүүрэг цалгар уужим, өргөн суудалтай, урт хавтастай болсон нь аян дайнд удаан хугацаагаар морин дээр явахад тохирсон сонгодог хэлбэртэй болсон нь хожим эмээлийн гол үндэс суурь болжээ.


Дундад зууны үеэс эмээл, дөрөөний загвар, хударга, хөмөлдрөг зэрэг адууны тоног хэрэгсэл өөрийн гэсэн хэлбэрээ олж, тоног хэрэгслийн тэрхүү хэв шинж нь бидний үед уламжлагдан иржээ.

 

Эмээл нь эмээлийн мод, урд бүүрэг, хойд бүүрэг, олонцог, даруулга чимэг, баавар, хяр, ганзаганы даруулга, хавтас, дэвс, гөлөм, ганзага, дөрөөний оосор буюу сур, дөрөө, тохом, олом, жирэм, оломны арал хэмээх хэсгүүдээс бүрддэг.


Эмээл нь морь унаж буй хүний хамгийн тохиромжтой суудал бөгөөд морины нуруунд хүндийн даралтыг жигд хуваарилах зориулалт бүхий хэрэглэл юм. Эмээлийг ихэвчлэн хус модоор хийдэг. Монгол эмээлийг том хүний, хүүхдийн, залуу буюу эмэгтэй хүний, хурдан морины, хасаг, орос, цэргийн үзэмчин эмээл гэх зэргээр ангилдаг. Настай (том) хүний эмээлийн суудал уужим, намхан бүүрэгтэй байх бөгөөд, мөнгөн чимэглэл бараг ордоггүй. Залуучууд буюу эмэгтэй хүний эмээл нь хэмжээгээр бага, цомбогор босоодуу бүүрэгтэй мөнгөн баавар даруулгатай байна. Хүүхдийн ба хурдан морины эмээл нь жижиг авсаархан нам бүүрэгтэй байна.

Эмээлийн урд бүүрэг өглөөний наран цухуйн мандаж буй хэлбэртэй байдаг учир наран бүүрэг, хойд бүүрэг нь яг шинийн саран хэлбэртэй тул саран бүүрэг гэж тус тус нэрлэдэг. Өөрөөр хэлбэр урд бүүрэг нэлээн босоо өндөр, хойд бүүрэг нь намхан налуу байдаг.

Монгол эмээлийн хоёр бүүрэгний дээд ирмэг дагуулан хадахад тохируулж, яс, төмөрлөгөөр хийсэн гоёл чимэглэлийг хяр хэмээн нэрлэнэ.

Эмээлийн хоёр бүүрэгний доорх олом жирэм, дөрөөний сур, ганзага, угсуурга зэргийг оосорлон тогтоодог хавтгай модыг эмээлийн хавтас гэнэ.

 

Эмээлийн хавтасны дөрвөн үзүүрийн хавтгайг нүхэлж, зөөлөн элдсэн нарийн сурыг сүвлэж тогтоосон оосрыг эмээлийн ганзага гэх ба түүний урт нь 50-60 см урт, 0.5 см өргөн, 0.3-0.4 см зузаан сураар хийнэ. Ганзага нь морины жолоог сойх, чөдөр, тушаа, ташуур, ачаа бараа зэргийг бэхлэх, даруулахад зориулагддаг.

Эмээлийн хавтасны дөрвөн үзүүр хавийн чимэглэлийг баавар гэнэ. Баавар ямар ч хэлбэртэй байж болдог. Баавраар сагалдраганы бэхэлгээг далдлан даруулна.

Эмээлийн модон суудлыг зөөллөх зорилгоор хийсэн нимгэн эсгий болон цэмгэн жийрэг бүрээсийг олонцог гэх бөгөөд эмээлийн суудалд яг таарсан урт, өргөнтэй байх ёстой.

Дөрөөний сур, гархи, эмээлийн хавтас нь хүний биеийг холгох, хувцсыг элээхээс хамгаалах зорилгоор хийгдсэн бөгөөд энэхүү жижиг гөлмийг эмээлийн дэвс гэнэ.

Морины гэдсийг дөрөөний сур, дөрөө холгох, морь унаачын гутлыг морины хөлснөөс хамгаалах зориулалттай том булигаар, хивс, шир зэрэг эдээр хийсэн, халхавчийг гөлөм гэж нэрлэдэг.

Морины гэдсэн доогуур оруулан, зөв талын жирэмд горхилон хийж, эмээл тогтоох зориулалт бүхий оосрыг олом гэж нэрлэнэ. Ихэвчлэн хялгасаар сур, томж, сүлжин хийнэ. Эмээлийн олмыг гогцоонд нь оруулж чангалдаг гөрмөл сурыг жирэм гэнэ. Нарийн сурыг дөрвөөр сүлжиж хийдэг.

 

Эмээлийн даралтыг бууруулах, зөөллөх зориулалттай эсгий хэрэглэлийг тохом гэнэ. Тохмыг морины нурууг холгохоос сэргийлэн хэрэглэдэг.

 

Дүрслэх урлагийн музейн ардын урлагийн танхимд XIX зууны үед холбогдох боржигон хийцийн нэгэн эмээл хадгалагдаж байдаг. Боржигон нутаг нь одоогийн Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Төв, Сүхбаатар, Өмнөговь нутгийн зарим хэсэг багтдаг. Энэ хийцийн эмээлийн онцлог гэвэл гонзгор нарийн бүүрэгтэй, богино хавтастай байдаг байна.


Энэхүү эмээл нь өндөр нимгэн хяр, тавиу суудалтай, дунд гарын мөнгөн чимэглэлтэй байна. Суудал нь улаан тэрмэн олонцогтой. Эмээлийг голцуу найман завхай чимэг буюу баавраар тоноглосон байдаг ба том жижгээс хамаараад их, бага, дунд гарын мөнгөн чимэгтэй хэмээн ярьдаг. Харин эмээлийн гөлмийг шар нанжин гахайн арьсан дээр ногоон сарьс хавчуулан хар сайраар шивүүрдэж оёсон угалз хээтэй урлажээ. Гөлөм өөрийн гэсэн хэлбэр, хэмжээтэй. Түүний ухаж нарийссан хэсгийн хээг тахилзуур угалз түүнээс доош жирмэн угалз үргэлжлэх ба доод хэсгийг хормойн угалз хэмээн нэрлэдэг. Энэ мэтээр өнгө дагнаас, хээ угалзыг тааруулан оёсон эмээлийн гөлөм тун сайхан харагддаг гэдэг.

 

 

 

 

Холбоотой мэдээ