Ц.Идэрбат: Ирэх дөрвөн жилд аймгийн бүх санхүүгийн гүйлгээ ил тод, шилэн байна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-02-18 10:55:38

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбаттай түүний хийж хэрэгжүүлж байгаа ажил, хэтийн зорилгын талаар ярилцлаа.  


-Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг албан байгууллага, ард иргэдээс санал авч боловсруулснаараа урд урьдын хөтөлбөрүүдээс онцлогтой болсон. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье.

-Олон улсын түвшинд судалгааг чухалчилдаг, судалгааны үндсэн дээр суурь түвшнээ тодорхойлж ажилладаг болсон. Тиймээс ард иргэд юу хүсэж байгааг тодруулан судалж, хэрэгжүүлэн ажиллахыг хичээсэн. “Хэтийн Хэнтий-2024” үйл ажиллагааны хөтөлбөр гурван онцлогтой.

Нэгдүгээрт; УИХ, Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн 30 жилийн алдаа оноогоо дүгнэж, ирэх 30 жилд Монгол Улс яаж хөгжих вэ гэдгийг тусгасан “Алсын хараа 2050” бодлогын баримт бичгийг баталсан. Энэ бодлогын баримт бичгийг зөвхөн цаасан дээр биш амьдрал дээр хэрэгжүүлэх эхний алхмууд хийгдсэн. Мөн энэхүү баримт бичгийн хүрээнд эхний 5 жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Үүнд тулгуурлан Монгол Улсын Засгийн газар 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсан. Энэ гурван бодлогын баримт бичгийн хүрээнд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулагдах ёстой. Миний бие ИТХ-д дөрвөн удаа сонгогдон, аймгийн Засаг даргын дөрвөн мөрийн хөтөлбөрийг батлалцаж ирсэн. Өмнө нь зөвхөн ялсан нам мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан боловсруулдаг байсан. Харин энэ удаа улсынхаа 30 жилийн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан төлөвлөснөөрөө онцлогтой.

Хоёрдугаарт; Бид төрийн байгууллага, салбар бүрт ажиллаж байгаа төрийн албан хаагчид болон ард иргэдийн төлөөллөөс нийт 1572 хүнээс судалгаа, санал авсан. Ингэхдээ цахимаар, цаасаар, фокус ярилцлагын хэлбэрээр авахад давхардсан тоогоор 603 санал ирүүлж, хууль тогтоомжийн хүрээнд 379 саналыг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт орох боломжтой гэдгийг тогтоон тусгасан. Ингээд харахаар төрийн бодлогын баримт бичгээ хэтийн зорилттойгоор болон ард иргэдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан боловсруулсан дүр зураг харагдаж байгаа байх. Энэ хоёр огтлолцлыг зөв олохыг хичээсэн.

Гуравдугаарт; Мөрийн хөтөлбөр цаасан дээр биш амьдрал дээр хэрэгжих ёстой. Цаасан дээр гаргасан хөтөлбөрийг амьдрал дээр хэрэгжүүлэхэд саад бэрхшээл, хүндрэлүүд багагүй гардаг. Тиймээс алдаа дутагдалгүй мөрийн хөтөлбөрийг боловсруулах үүднээс 23 агентлагийн удирдлагууд, бүх сумын төрийн албан хаагчидтай албан уулзалт хийсэн. Үйл ажиллагааны хөтөлбөрт тухайн байгууллагаас хэдэн санал дэвшүүлж, хэд нь тусгагдсан, түүнтэй холбоотой хэрэгжилтийг хангахын тулд ямар үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай байна вэ гэдгийг ярилцаж, уялдуулж төлөвлөсөн.

-Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засаг даргаас гадна төрийн үйлчилгээг үзүүлж байгаа төрийн албан хаагчид, удирдлагууд бүгд нэг баг болж ажиллах ёстой болов уу?

-Яг тийм. Тиймээс агентлагууд болон сумдад хүрч бидний өмнө ямар асуудал тулгамдаж байгаа вэ гэдгийг бодитоор тодорхойлж, гарц шийдлээ эрэлхийлсэн. Төрийн албан хаагчидтай уулзахад салбар дундын уялдаа холбоог нэмэгдүүлэх, төрийн албаны болон төсвийн сахилга батыг сайжруулах, улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийх ажлуудыг тодорхой гаргаж ирэх ёстой юм байна гэдгийг ажигласан.

-Сайд дарга нар томилогдмогцоо багаа бүрдүүлж халаа сэлгээ хийдэг. Та энэ албанд томилогдсоноосоо хойш халаа сэлгээ хийв үү?

-Аймгийн Засаг даргын хувьд хамтарч ажиллах багаа бүрдүүлсэн. Баг гэдэг маань төрийн захиргааны албан хаагчдыг та таалагдана, таалагдахгүй гэж харьцаж, халах сэлгэх огт биш. Хувь хүнийхээ хувьд төрийн албыг чадавхжуулах, төрийн алба тогтвортой байх нь амин чухал гэдгийг өнгөрсөн хугацаанд анзаарсан. Тиймээс төрийн албаны халаа сэлгээ орон нутгийн сонгуулийн дараа хийгээгүй. Харин аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх, тавигдах ёстой албан тушаалууд байдаг. Тиймээс нэгдүгээрт; Томилгоо хууль зөрчихгүй байх ёстой гэдэг зарчмыг баримтлах, Хоёрдугаарт; энэ томилгоонууд улс төрийн шагнал биш, ажил хариуцах чадвар, туршлага, ёс зүй гэдгийг бодолцох учиртай.  Хуулийн хүрээнд аймгийн Засаг дарга нэг орлогчтой байх шийдвэрийг гаргаж, сүүлийн хоёр жилийн хугацаанд аймаг, орон нутгийн ажилд нягт нямбай хандаж, ойр ажилласан Ц.Чогсомжавыг Засаг даргын орлогчоор улираан ажиллуулахаар шийдвэрлэсэн.

- Зөвлөхүүдийн тухайд?

-Засаг дарга олон зөвлөхтэй боллоо гэлцээд байгаа. Манай гурван зөвлөх тодорхой чиг үүрэгтэй ажиллана. Нэг нь орон тооны, нөгөө хоёр нь орон тооны бус зөвлөх. Орон тооны зөвлөх нь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, үндэсний судалгааны “MМCG” компанийн захирал Д.Амгаланбаатар. Хэнтий аймагт хэрэгжиж эхэлсэн, хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүд олон бий. Мөн үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд судалгаа нэн чухал учраас олон жилийн ажлын дадлага туршлагатай, үндэсний тэргүүлэгч компанийг үүсгэн байгуулагч Д.Амгаланбаатарыг Засаг даргын зөвлөхөөр томилсон. Цалингийн хувьд төрийн албаны хамгийн бага шатлалаар цалинжина.

Мөн Засгийн газар “Е-Mongolia” цахим хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Төрийн бүх шатны үйлчилгээг цахим хэлбэрээр иргэд авах бололцоог бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Энэ хөтөлбөрийг мэдээллийн технологи дээр тулгуурлан хэрэгжүүлэх учраас мэргэжлийн арга зүйтэй, ажлын туршлагатай, Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч О.Од-Эрдэнийг зөвлөхөөр томилсон. Үүнээс гадна өнгөрсөн дөрвөн жил аймгийн Засаг даргын гадаад харилцааг хариуцаж зөвлөхөөр ажилласан Ч.Мөнх-Эрдэнийг томилсон. Гадаад харилцаа, худалдаа, хамтын ажиллагааг сайжруулах, хөрш орнууд, гуравдагч орнуудтай гадаад харилцааг бэхжүүлэхэд хүмүүсээ сайн таньдаг, ойлголцдог энэ хүнийг үргэлжлүүлээд ажиллах нь зүйтэй гэж үзсэн учраас улираан томилсон. Мэдээж та бидэнд бодит үр дүн хэрэгтэй.



ИРЭХ ДӨРВӨН ЖИЛД АЙМГИЙН БҮХ САНХҮҮГИЙН ГҮЙЛГЭЭ ИЛ ТОД, ШИЛЭН БАЙНА



-Шилэн данс, төсвийн сахилга бат хоёр холбоотой санагддаг. Энэ бүхнийг хэрхэн сайжруулах ёстой вэ?

-Аймгийн Засаг даргын Мөрийн хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх явцыг хэлэлцэх үед яригдсан анхаарвал зохих, чухал асуудлуудын нэг нь энэ. Төсөвтэй холбоотой бүх ажил шилэн байх ёстой. Тиймээс аймгийн Засаг дарга өөрөө үлгэрлэн сошиал орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр үйл ажиллагааны хөтөлбөрөө тайлбарлан танилцууллаа. Мөн төсвөө сайнтай, муутай нь ил гаргалаа. Энэ нь ирэх дөрвөн жилд аймгийн бүх санхүүгийн гүйлгээ ил тод, шилэн байхын эхлэл гэж үзэж байна. Хэнтий аймгийн шилэн дансны хэрэгжилт 88-93 хувьтай дүгнэгдэж байгаа. Бид 100 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн.

Манай аймгийн төсвийн нэлээдгүй хувь нь урсгал зардлуудад зарцуулагддаг. Ганцхан жишээ дурдахад өнгөрсөн жил аймгийн төсөвт 3 тэрбум төгрөгийн орлого төвлөрөхөд 2,2 тэрбум урсгал зардалд урсаж байна. Тиймээс урсгал зардлыг бодитой эсэхийг шалгахаар аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжаваар ахлуулсан дөрвөн ажлын баг сумдад ажиллаж байна. Сумдаас ирүүлсэн мэдээллүүдийг нягтлахад багагүй зүйлийг эргэж харах, хэмнэх бололцоотой нь тогтоогдож байна. Бид цаашид өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлахаас гадна төсвийн зарцуулалтыг хяналттай байлгаж чадвал хэмнэсэн төсвөөрөө аймгийнхаа өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж чадна.

- Тухайлбал?

-Зөвхөн хөрөнгө мөнгөөр биш дотоод нөөц бололцоогоо ашиглаж, зөв тооцож, төлөвлөж, төсвөө тодорхой болгон, хэмнэж сурвал төрийн үйлчилгээг үзүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, сургах, аймаг орон нутагтаа шаардлагатай байгаа боловсон хүчний асуудлуудыг шийдвэрлэж чадна гэж харж байна. Иргэдээс, албан байгууллагуудаас ирүүлсэн саналыг нягтлахад боловсон хүчний бодлого дээр анхаарахгүй бол болохгүй нь анзаарагдсан. Манайх Дулааны станц, Цэвэрлэх байгууламжтай боллоо гэхэд тэнд ажиллах инженер, техникийн ажилчид бэлтгэгдээгүй байна. Эрүүл мэндийн салбарт бага, дунд мэргэжилтэн, сувилагчийн нөөц дутагдаж байна. Боловсролын салбарт байгалийн ухааны багш нар, Хөдөө аж ахуйн салбарт мал эмнэлэг, зоо техникч, газар тариалангийн салбарт механикжуулагчид гээд ажиллах нөөц бололцоо хангалтгүй талаар олон санал ирлээ.

Тиймээс төсвийн сахилга батыг сайжруулж, төсвийн байгууллагад зарцуулагдаж байгаа хөрөнгө, зардалд хяналт тавьж, хэмнэлтийн горимд оруулж чадвал боловсон хүчнээ нэмэгдүүлэх бололцоотой болно. Мөн уул уурхайн компаниудтай нийгмийн хариуцлагын хүрээнд гэрээ байгуулж, ард иргэдэд хүртээмжтэй томоохон ажлуудыг хамтарч эхлүүлэхийг зорьж байна. Боловсон хүчнийг бодлогоор дэмжиж сургах, эргээд орон нутагтаа татан тогтвор суурьшилтай ажиллуулах зэрэг олон асуудлын гарцыг эрэлхийлж байна. Эдгээр асуудлууд төсвийн сахилга баттай шууд хамааралтай гэж ойлгож болно. Цаашдаа орон нутгийн төсвөөр ажлын байр нэмэгдүүлэх, тогтвортой ажлын байраар хангах, ноогдол ашиг өгдөг, татвар төлдөг үйл ажиллагааг дэмжих нь зүйтэй. Төрийн мөнгө бол татвар төлөгчдийн хөлс, хөдөлмөр шингэсэн мөнгө. Энэ мөнгийг төрийн нэрээр цуглуулаад дээрх зарчмыг зарим зүйл дээр баримтлах нь аймаг, орон нутагт тустай.

-Ажлын байр нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Үе үеийн дарга нар ажлын байрыг нэмэгдүүлнэ гэсэн томоохон зорилтыг дэвшүүлдэг. Бид ч мөн энэ зорилтыг орхиогүй. Ажилгүйдлийн түвшин тодорхой хэмжээгээр буурсан ч тогтвор суурьшилтай ажлын байр дорвитой нэмэгдээгүй байна. Ер нь ажилтай, орлоготой газар хүн тогтдог. Ажилтай хүн нийгмийн буруу гажуу зүйлээс хол байж тэнд амьдрал сайжирч байдаг учраас тогтвортой ажлын байрыг бий болгоход төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж ажиллана. Хувийн хэвшлүүдийг дэмжиж ажиллах, үйлдвэрлэлийн зориулалтаар ажлын байрыг нэмэгдүүлэх бололцоотой.

Үүнчлэн 2022 оноос түүхэн аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын томоохон цогцолборууд ашиглалтад орно. Тэгэхээр аялал жуулчлал дагасан ашиг орлого бодит үр шимээ үзүүлнэ. Төрөөс түр ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Манай аймгийн хувьд сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалттай холбоотой улирлын чанартай маш их ажлын байр гардаг. Гэтэл ажиллах хүчин хомс. Нөгөөтэйгүүр ажил олгогч цалингаа бүтэн олгохгүй байна гэсэн гомдол ирдэг. Тиймээс цаашид үүн дээр төр оролцож аймгийнхаа ард иргэдийг ажилд зуучлан, цалин хөлсөө олгож байна уу гэдэгт хатуу хяналт тавина. Тухайн компанийн ажлыг улсын комисс хүлээж авахдаа ажилчдынхаа цалинг олгосон эсэхийг хяналт шалгалтын нэг хэмжүүр болгоно.  

Мөн үйл ажиллагааны хөтөлбөртөө “Бусдадаа боломж олгоё” үйл ажиллагааг тусгасан. Хэнтий аймгийн хэмжээнд Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд бизнесийг дэмжих сангийн нийт 7 тэрбум төгрөг иргэдийн гарт зээл хэлбэрээр очсон ч эргэн төлөлт хангалтгүй байна. Тиймээс хөл хорионы энэ цагт үед ажилтай, орлоготой байгаа төрийн албан хаагчдаас зээлээ төлүүлэх ажлыг нэн тэргүүнд эхлүүллээ. Коронавирусээс шалтгаалан хувийн хэвшил, ААН-үүдийн бизнес хүнд байдалд байгаа тул шахахад хэцүү. Цаашдаа төрөөс олгож байгаа зээлийн эргэн төлөлтийг 60 хувьд хүртэл нэмэгдүүлж, ажлын байрыг бий болгоход бүх л талаар анхаарна.


УУЛ УУРХАЙН КОМПАНИУДААС АРД ИРГЭДЭД ШУУД БОЛОН ШУУД БУСААР АШИГ ОРЛОГО ӨГДӨГ БОЛГОХЫН ТӨЛӨӨ ЗОРИНО.

-Хэнтий аймагт уул уурхайн зөвшөөрлийн ихэнхийг хайгуулын чиглэлээр авсан байдаг. Хайгуул хийгээд нөхөн сэргээлт хийдэггүйн улмаас эзэнгүй орхигдсон газрууд их байна. Та уул уурхай, ялангуяа нөхөн сэргээлтийн тал дээр хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Хуулийн хүрээнд явуулж байгаа уул уурхайн салбарын ажлыг зогсоох эрх байхгүй. Харин уул уурхайг хуулийн дагуу байгаль орчинд ээлтэй байлгах, ажлын байрыг нэмэгдүүлэх, мөн төсөвт орж ирэх татварыг 100 хувь авах нь чухал асуудал. Уул уурхайн компаниудаас ард иргэдэд шууд болон шууд бусаар ашиг орлого өгдөг болгохын төлөө зорино. Харин хууль бус уул уурхайн асуудалд хатуу байр суурьтай хандаж байгаа. Намайг ажлаа авсны дараахан Мөрөн суманд хууль бусаар жоншны олборлолт явуулсан. Энэ нь нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас хүмүүс хулгайгаар жонш олборлох нөхцөл бүрдүүлсэн. Тиймээс томоохон техник хэрэгсэл дайчилж, хууль бусаар олборлолт хийсэн хүмүүсийг хууль хяналтын байгууллагуудтай хамтран илрүүлсэн. Одоо энэ хэрэгт холбогдолтой 8 хүнд аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт хийж, шүүх рүү шилжүүлэх гэж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 332,7 га газарт нөхөн сэргээлт хийгээгүй байгаа. Энэ хавар уул уурхайн компаниудыг нөхөн сэргээлт хийлгэхэд анхаарч, шахаж, шаардаж ажиллана.

-Хэнтий аймаг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хувьд сүүлийн жилүүдэд улсдаа тэргүүлж байна. Энэ жилийн хувьд бүтээн байгуулалт хэрхэн үргэлжлэх вэ?

-Хэнтий аймаг энэ жил улсын хэмжээнд нэлээд өндөр дүнтэй хөрөнгө оруулалт авч байгаа. Өнгөрсөн дөрвөн жилд 0,5 их наяд буюу 506 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон байдаг. Хэрлэн суманд гэхэд л зам харгуй, дэд бүтцүүд, дулааны станц гээд олон асуудлыг шийдсэн. Мөн түүхэн аялал жуулчлалын бүс болгон зарласантай холбоотойгоор олон хөрөнгө оруулалт орж байна. Өнгөрсөн оны 9 дүгээр сарын 20-28-ны өдрүүдэд УИХ-ын гишүүдтэй хамтран аймгийнхаа бүх сумдаар явж иргэдтэй уулзалт зохион байгуулж, ирэх дөрвөн жилд тухайн суманд хийх хөрөнгө оруулалтыг иргэдийн оролцоотойгоор эрэмбэлүүлж хүлээн авлаа. Энэ нь иргэдийн санал хүсэлтэд тулгуурласан шинэлэг санаачилга, шинэ ажил болсон. Иргэдийн саналаар эрэмбэлсэн ажлууд эхнээсээ 2021 оны төсөвт тусгагдсан. Харин бид хөрөнгө оруулалтыг хөрсөн дээрээ буулгахад хариуцлагатай хандаж чанар, хяналтад онцгой анхаарах ёстой. Тиймээс мэргэжлийн инженерүүдийг урьж ирүүлэхээс гадна аймагт байгаа тэтгэвэрт гарсан, барилгын салбарт олон жил ажилласан туршлагатай инженерүүдийг гэрээгээр авч ажиллуулна.

- Аялал жуулчлалын бүс нутгийн хувьд энэ жилийг хэрхэн төсөөлж байгаа вэ?

-Өнгөрсөн хугацаанд “Хэнтий аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө”, “Стратегийн зураглал” гэсэн хоёр бодлогын бичиг баримт боловсруулсан. Бид түүнийгээ нэгтгэж шинэ бодлогын бичигтэй болохоор төлөвлөж, ажлын баг байгуулан ажилдаа орсон. Улсын төсвийн хөрөнгөөр түүхэн аялал жуулчлалын 6 цогцолбор баригдаж эхэлсэн. 2022 он гэхэд дуусна. Өнгөрсөн жил цар тахлаас шалтгаалан хил гааль хаалттай байсан учраас гадаадын аялал жуулчлал зогссон. Гэсэн хэдий ч манай аймагт дотоодын 110 мянга гаруй жуулчин ирсэн дүн гарлаа. Ковидоос шалтгаалаад энэ жил зогсонги байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид бүхэн энэ хугацааг ашиглаад жуулчид хүлээн авах бэлтгэлээ базаах ёстой.

Тухайлбал, өнгөрсөн зун Дадал суманд 70 гаруй мянган жуулчин ирсэн. Тэнд нутгийн брэнд бүтээгдэхүүн, талх цөцгий, зөөхий хомстсон. Хог, нэгдсэн ариун цэврийн асуудал тулгамдсан. Тиймээс энэ жилийг “Хариуцлагатай аялал жуулчлалын жил” болгон зарлаж байгаа. Жуулчдыг яаж хүлээж авах, ямар журам мөрдүүлэх, ашиг орлого хэрхэн олох зэрэг бодит тооцоо гаргаж бэлтгэл ажлыг хангах ёстой. Түүнчлэн Дадал сумаас гадна бусад сумын аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх талаар бодлогоо тодорхойлохоор ажилдаа орсон. Ирэх зун гэхэд бүх зүйл нь тодорхой, ард иргэд, ААН-үүд нь ашгаа хүртээд эхэлсэн байх зохицуулалтыг хийхийг зорьж байна.

- Өнгөрсөн оны 12 дугаар сард аймгийн ИТХ-аар ээлжит хурлаар үйл ажиллагааны хөтөлбөрөө баталснаас хойш та 17 сум, 4 тосгонд хүрч ажилласан. Энэ талаар?

-"Ковид-19" цар тахлаас шалтгаалан халдвар хамгааллын дэглэм баримталж, зөвхөн сумдын удирдлагууд, ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд, төсөвт байгууллагын захирал, эрхлэгч нар, багийн Засаг дарга нарын төлөөлөл, сумдын ЭМТ-ийн үйл ажиллагаатай ажлын багийн хамт танилцсан. Ингэхдээ нийт орон нутгийн 17 сум, дөрвөн тосгоны 722 төрийн албан хаагчидтай уулзаж, нийт 60 шахам цагийн танилцуулга хийж, 253 асуултад хариулж, сумдаас уламжилсан 120 гаруй саналыг хүлээн авчээ. Энэ удаагийн явалтаар ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн төсвөө ил тод танилцуулж, ажлын эхлэл цэгээ тодорхойлж, Засаг даргын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч агентлагууд, сумдад 6 сар тутам хүрч, үйл ажиллагааны хөтөлбөр, үүрэг даалгаврын хэрэгжилтийг хяналт тавин ажиллахаар төлөвлөсөн. Үүнчлэн сумдад бүтээн байгуулалтын зураг төсөл, малын тоо толгойн албан татварын тухай, төсвийн орлого нэмэгдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, уул уурхайд баримтлах бодлого, хогийн шинэ менежмент хэрэгжүүлэх, боловсрол, соёлын салбарт анхаарах, сумдын онцлогоос шалтгаалан нийтдээ 9-10 үүрэг даалгавар өгсөн. Хөдөө сумдад цасан бүрхүүлтэй, бусад аймгаа бодвол өвөлжилт айхтар хүндрээгүй ч зарим суманд цас их унаснаас шалтгаалж өвөлжилт хүндэрсэн. 10 гаруй сум аюулгүйн нөөцийн өвсөндөө орсон байна. Тойрч явахдаа бид Улсын онцгой комиссоос олгосон 5 тонн өнжмөл өвсийг өвөлжилт хүндэрч болзошгүй 10 суманд үнэ төлбөргүй олгосон. Мөн аймгийн аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвсөө малчдадаа борлуулж эхэллээ.

- Малын тоо толгойн албан татварын хуулийг хэрэгжүүлэхэд малчид бэлэн байна уу?

-Бүх суманд мал тооллогын үеэр малчдаас санал авч ажилласан. Энэ хууль улс, аймгийн хэмжээнд томоохон хөрөнгө оруулалтын эх үүсвэр болно. Малын тоо толгойн албан татвар тогтоох талаар бид аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ахлуулсан ажлын баг байгуулсан. Ажлын баг ХХААГ, МЭГ-ын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, сумдад зөвлөмж хүргэсэн. Аймгийн хэмжээнд 4,6 сая мал тоологдсон нь өмнөх оныхоос 200 мянгаар буурсан. Энэ нь шинэ хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор хөөсөрсөн тоо хөрсөн дээрээ буусан болов уу гэж бодож байна. Гэхдээ малын тоо толгойн татварын хэмжээг тогтоох эрх сумын ИТХ-д байдаг. Татварын орлогыг төсвийн тухай хуульд зүйлчилсэн. Тухайлбал, хуулийн 60.2.8-д заасанчлан орлогын зарцуулалт малчид руу чиглэсэн-мал, бэлчээр, малын хулгай, байгаль орчныг хамгаалах, хортон мэрэгчидтэй тэмцэх гэсэн тодорхой чиг үүргийн зарцуулалт байгаа. Тиймээс малчдад хандан хэлэхэд, та бүхний буянт мал сүргийнхээ төлөө өгч буй татвар эргээд тан руу чиглэсэн үйл ажиллагаанд зарцуулагдана гэсэн үг.

- Татвараар хэчнээн төгрөг төвлөрөх бол?

-Сумдаар ажиллаж явахдаа багийн дарга нараас малчид ямар санал хүсэлттэй байгааг тодруулахад 80-90 хувь нь дэмжиж байна гэсэн. Бидний өгсөн зөвлөмжөөр урьдчилан тооцоолбол 4,7 тэрбум төгрөг төвлөрөх бололцоотой. Гэхдээ сумын ИТХ үнийн дүнг тогтоох учраас хэлэхэд арай эрт байна. Энэ хууль хөдөө аж ахуйн салбарт гарч буй томоохон ахиц дэвшил. Харин зарцуулалтыг хатуу хяналттай явуулах ёстой.

- Тоо толгой гэснээс Хэнтий аймаг малын тоогоор улсдаа дөрөвт оржээ?

-Урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд 4,6 сая мал тоолуулж дөрөвдүгээр байрт, адууныхаа тоогоор 5-р байрт, үхрийн тоогоор 3-р байрт, хониор 4-р байрт, Өмнөдэлгэр сум малынхаа тоогоор тав дахь жилдээ тэргүүлсэн сайхан мэдээтэй байна.

- Малчдын хувьд бэлчээрийн даацын асуудал хүндрэлтэй байна. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Бэлчээрийн даацын асуудал Хэнтий аймгийн хувьд төдийгүй Монгол Улсын хэмжээнд яригдаж байна. Өнгөрсөн жил 9 сум бэлчээрийн төлөвлөгөөг “Мерси кор” ОУБ-ын тусламжтайгаар гаргасан. Малчид өөрсдөө цуглаад хаана хадлангаа хадах, бэлчээрээ хэрхэн хуваарилах, хаана хаваржих, отрын бүс нутаг руу малаа оруулахгүй байх зэргээ ярилцаж гаргасан бодлогын баримт бичгүүд юм. Энэхүү баримт бичигт төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэх, үлдсэн сумдаа бэлчээр менежментийн төлөвлөгөөтэй болгох тал дээр анхаарч ажиллаж байна.


НЭГ ХҮНИЙ ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙДАЛ НИЙГМЭЭР НЬ ДОНСОЛГОХ ХОР ХӨНӨӨЛТЭЙ ЦАГ ҮЕД БИД АМЬДАРЧ БАЙНА


-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг 4 дүгээр сарын нэгний өдрийг хүртэл үргэлжилнэ. Одоогоор хэрэгжиж байгаа захирамж, журмуудыг хэрэгжүүлэхэд саад бэрхшээл гарч байна уу?

-Шинэ төрлийн коронавирусний халдвар дэлхий даяар тархаж, цар тахлын хэмжээнд хүрч, хүн төрөлхтөн хүнд сорилтыг даван туулж байна. Бид бүх нөөц бололцоогоо ашиглаж, УОК, Засгийн газрын заавар чиглэлийг авч, дотооддоо зохион байгуулалт хийгээд гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжсэн, хөл хорионы хүнд цаг үед гурван сар ажиллаж байна. Мэдээж гарч байгаа шийдвэрийг хэрэгжүүлэхэд саад бэрхшээл тохиолдож байна. Гэхдээ монголчууд цар тахлыг хамтдаа даван туулна.

Тиймээс төрийн зохион байгуулалтад манай иргэд хүндэтгэлтэй, тэвчээртэй хандаж мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа заавар зөвлөмжийг ягштал биелүүлэх хэрэгтэй. Үүрэг хариуцлагаа хаа хаанаа ухамсарлаж чадвал эрсдэлээс холуур өнгөрч чадна. Тиймээс ч хяналт шалгалтыг шат шатанд чангатгаж, хөнгөн хуумгай шийдвэр гаргахгүй байхыг хичээж байна. Манай аймаг бусад аймгаас хамгийн анх тэг зогсолт хийсэн. Энэ нь хулгайгаар нэвтэрсэн хариуцлагагүй үйлдлээс улбаатай. Шуурхай арга хэмжээ авсны дүнд 24 цагийн дотор шинжилгээг нь авахуулж, бүх хавьтлыг тусгаарлаж чадсан. Хариу сөрөг гарсан. Нэг хүний хариуцлагагүй байдал нийгмээр нь донсолгох хор хөнөөлтэй цаг үед бид амьдарч байгааг хүн бүр ухамсарлах үүрэгтэй. Сонор сэрэмж хэзээ ч илүүдэхгүй учраас гэрийн ажиглалт, тусгаарлалтын дэглэмд байгаа хүнээ та бүхэн сайтар анхаарах хэрэгтэй. Цар тахлын өвчлөлийг бууруулахад шинээр байгуулсан Засгийн газар, Шадар сайд дорвитой өөрчлөлт хийнэ гэдэгт итгэж байна. Бидний хувьд бүх бэлтгэлээ хангасан, хяналт шалгалтаа чангатгасан, нөөцөө бүрдүүлсэн. Өнөө маргаашгүй Хэнтий аймаг PCR шинжилгээний лабораторитой болно. Төрийн албан хаагчид 24 цагаар цар тахлыг дарагдтал ажиллана. Удахгүй сайхан цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна.

- Гэр бүлдээ зарцуулж байгаа таны цаг хэрхэн өнгөрдөг вэ?

-Гэр бүлдээ зарцуулах цаг багассан. Энэ албаа авснаас хойш 20.00 цагаас өмнө гэртээ орсон тохиолдол маш цөөхөн. Гэр бүлийнхнийгээ унтаж байх үед нь ажилдаа гараад, унтаж байхад нь очих үе ч байдаг. Хэдий завгүй ч гэсэн үр хүүхэд, гэр бүлдээ цаг гаргаж зарцуулах ёстой. Энэ бүхэнд цагийн менежмент чухал юм байна гэдгийг ойлгосон.

-Та ажилдаа, ажлаасаа гэр лүүгээ явган явж байгаа харагддаг. Энэ таны бүрдүүлсэн имидж үү, зарчим уу?

-Би элдэв маягт дургүй хүн. Дарга учраас даргын жолооч заавал гэрээс очиж авах ёстой гэж боддоггүй. Манай гэр ч тийм хол биш. Өглөө, оройдоо алхаж яваад сурчихсан. Төрийн машиныг хувийн ажилд унадаггүй. Би өөрөө жолооч, өөрийн машинтай учраас гэр бүлтэйгээ явах, амины ажлаа амжуулах зэрэгт өөрийнхөө машинаар явдаг. Би эгэл амьдралаас гаралтай, дундаж сэхээтэн айлын хүүхэд. Амьдралын алдаа оноо, байх байхгүйн зовлон жаргалыг бусдын адил туулаад л явж байна. Аймгийн дарга болсноор өнгөрснөө мартаад илүү дутуу хангамж, ямба нэхээд байх хүмүүжил надад байхгүй. Ард иргэдийнхээ итгэлийг алдахгүйн тулд ажлаа сайн хийж, тулгамдсан асуудлуудыг шийдэж, аймаг орон нутгаа хөгжүүлэхийн төлөө хичээж зүтгэж ажиллахыг хүсдэг. Ард иргэдийн маань өгсөн итгэл ажиллах ёстой шүү, шийдэх ёстой шүү гэсэн урам зоригийг надад өгдөг. Миний амьдрал, миний алдаа оноо бүгд иргэдийн өмнө нээлттэй байна.

Би аймагтаа төрж өссөн, ажиллаж амьдарч явна. Алдаа дутагдлаа нуугаад, эсвэл огт алдаж байгаагүй хүн шиг яриад байвал утгагүй. Би амьдралдаа “крандуулна” гэдэг шиг хэн нэгнээр татуулж явсангүй. Сургуулиа төгсөж ирээд Хэнтий аймгийн Монгол ардын намын хороонд улс төрийн ажилтан хийж байлаа. Нам ялж, ялагдахын зовлон жаргалыг анхан шатнаас нь харж, шалтгааныг нь хайж, дүгнэлт хийж ирсэн. Энэ хугацаанд 2008, 2012, 2016, 2020 онд дөрвөн удаа аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдлоо. Ард түмний итгэл гэдэг туйлын чухал. Энэ итгэл нэг унтарваас ахиж асахгүй гэдгийг төрийн албан хаагчийн зүгээс болоод улс төрийн ажилтны зүгээс харж байсан. Төрийн ажлыг явуулахын тулд ард иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавина. Төрийн ажил сайн явах ёстой, зарчимтай байх ёстой.


-Ирэх жилүүдэд Хан Хэнтий нутагт иргэдийн амьжиргааны түвшин сайжирч, төрийн албаны сахилга, хариуцлага, ёс зүй дээшлэн, аялал жуулчлал тогтвортой хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

Ярилцсанд баярлалаа. Хан Хэнтий нутаг маань цэцэглэн хөгжих болтугай.

Холбоотой мэдээ