Нуурын мөсөнд осолдсон ачааны машиныг татан гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-02-17 11:52:26

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид нуурын мөсөнд цөмөрч осолдсон ачааны машиныг татан гаргалаа.

Тухайн ЗИЛ-130 маркийн автомашин нь Цэнгэл сумын долдугаар багийн нутаг дэвсгэрт орших Шар нуурын мөсөн дээгүүр зорчиж явжээ. Улмаар  нуурын  эргээсээ 130 метр зайтай мөсөнд арын 2 дугуй бүтэн орж осолджээ. Ослын улмаас хүний амь, эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй аж.

Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн захирагчаар ахлуулсан онцгой байдлын 13, цагдаагийн 1 алба хаагч, жолоочийн ар гэрээс 10 хүн ажиллаж, автомашиныг татан гаргажээ.

Иймд цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах, тээвэр хийхгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна

Холбоотой мэдээ