ДЭМБ-аас "Астразенека" вакциныг онцгой үед хэрэглэхийг зөвшөөрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-16 17:47:16
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкене, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нартай уулзаж вакцинжуулалтын талаар санал солилцлоо.


Уулзалтын үеэр Английн Оксфордын их сургуулийн "AstraZeneca" вакциныг ДЭМБ-аас онцгой нөхцөлд хэрэглэхийг зөвшөөрч, баталсныг дуулгаж, албан ёсны зөвшөөрөлтэй үйлдвэрлэж байгаа аль ч улсаас Монгол Улс татан авч хэрэглэх боломжтойг илэрхийлжээ. Мөн ДЭМБ-ын “КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэх "Pfizer" болон бусад улс орны вакцины талаар танилцуулав. 


ДЭМБ энэ сард "Moderna", ирэх сард БНХАУ-ын "Shinopharm" вакциныг баталгаажуулах эсэхээ шийдвэрлэх юм байна.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвхөн ДЭМБ-ын зөвлөмжийг дагахаа илэрхийлж, бусад улс орны вакциныг цаг алдалгүй татан авч нөөцлөх шаардлагатай байгааг онцоллоо.


Ерөнхий сайд мөн өдөр ОХУ, БНХАУ, БНЭУ, Япон Улсын Элчин сайдтай уулзаж, вакцинжуулалтын талаар санал солилцлоо. Дээрх улсууд цар тахлын эсрэг хамтран ажиллах хүрээнд Монгол Улсад вакцин нийлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Ерөнхий сайд ойрын өдрүүдэд АНУ, БНСУ-ын Элчин сайд нартай уулзана.

Холбоотой мэдээ