НҮБ-ын Статистикийн комиссын 52 дугаар чуулганы салбар хуралдаанд оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-13 10:13:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Статистикийн Комиссын чуулганы хүрээнд зохион байгуулсан салбар хуралдаанд ҮСХ-ны дарга Б.Батдаваа оролцож “Олон үзүүлэлтийн бүлгийн судалгаа нэмэх 2020-2021” судалгааны үр дүнг танилцууллаа.


Дээрх чуулганы үеэр “Өрхийн судалгааны инновац-Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаа /ОҮБТС/ нэмэх нь бодит цагийн мэдээлэл цуглуулах хэрэгсэл” салбар хуралдааныг НҮБ-ын Хүүхдийн сан зохион байгуулсан. Цахимаар зохион байгуулсан ОҮБТС нэмэх аргачлалыг хэлэлцсэн бөгөөд Монгол Улс 1, 2 дугаар үеийн зарим үр дүнгээ танилцуулж буй анхны улс боллоо.


Хуралдааныг нээж Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Энхболд үг хэлж, ҮСХ-ны дарга ОҮБТС нэмэх судалгааны үр дүнг танилцуулж, туршлагаа хуваалцав.


ҮСХ нь коронавирусний цар тахалтай холбогдуулан хүүхэд, гэр бүл, өрхийн нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор ОҮБТС нэмэх судалгааг НҮБ-ын Хүүхдийн сангийн техник, санхүүгийн дэмжлэгээр зохион байгуулж, үр дүнг танилцуулсан. Судалгааны эхний шатад цар тахлын улмаас хорио цээрийн дэглэмийн үед 2-17 насны хүүхдийн зайн сургалт, коронавирусний нөлөөлөл, 2 дугаар шатад цар тахлын үе дэх өрхийн хүнсний аюулгүй байдал, 0-2 насны хүүхдийн хоол тэжээлийн талаар судалжээ.


Харин гуравдугаар шатад хорио цээрийн дэглэмийн үе дэх хүүхэд хамгаалал, 2-17 насны хүүхдийн зайн сургалтын талаар утсаар мэдээлэл цуглуулаад, нэгтгэн дүгнэж, хэрэглэгчдийг зохих мэдээллээр хангах аж.

Холбоотой мэдээ