Герман Беларусийн сөрөг хүчний төлөөлөгчдөд орогнол олгохоор төлөвлөж байна

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-02-12 12:33:14

БЕРЛИН. /TASS/. Герман улс "хавчлагад өртсөн" Беларусийн сөрөг хүчний төлөөлөгчдийг гэр бүлийнх нь гишүүдтэй хамт хүлээж авахаар төлөвлөж байна.


Энэ тухай "Süddeutsche Zeitung" сонин Германы Дотоод хэргийн яамнаас /ДХЯ/ "Холбоо-90"/"Ногоонтон" фракцаас Бундестагт сонгогдсон депутат Мануэль Сарразинаас ирүүлсэн холбогдох хүсэлтийн хариугаас иш татан мэдээлэв.


Германы ДХЯ Гадаад хэргийн яамтайгаа "улс төрийн хавчлагад өртсөн 50 хүртэл хүн" болон тэдний гэр бүлийн гишүүдийг хүлээн авахаар тохиролцжээ. Үүний зэрэгцээ Германд орогнох эрх олгож магадгүй Беларусийн иргэдийн тоонд хязгаарлалт тогтоогүй гэдгийг тус яам тодотгосон байна.


Германы эрх баригчид өмнө нь Беларусийн сөрөг хүчний төлөөлөгчдөд виз олгох журмыг хялбаршуулжээ. “Süddeutsche Zeitung” сонинд мэдээлж буйгаар, “эрүүдэн шүүлт”, “хавчлагад өртсөн хүмүүс болон тэдний ойрын төрөл төрөгсдөд” визийн журмыг хөнгөвчлөх аж. Эдгээр арга хэмжээ нь Беларусийн иргэний нийгмийг дэмжих Германы эрх баригчдын хөтөлбөрийн нэг хэсэг юм.



Холбоотой мэдээ