АНУ: Турк Оросын “С-400” цогцолбороос бүрмөсөн татгалзах ёстой

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-02-11 13:59:19

ВАШИНГТОН. /kommersant/. Анкара саяхан мэдэгдэл хийсэн ч Турк Оросын “С-400” цогцолборыг авсантай холбоотой Вашингтоны байр суурь өөрчлөгдөөгүй гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн нарийн бичгийн дарга Нед Прайс мэдэгдэв. Турк улс уг системийг байнга ашиглахгүй байж магадгүй гэдгээ өмнө нь хүлээн зөвшөөрсөн юм.


““С-400”-тэй холбоотой бидний бодлого өөрчлөгдөөгүй. Оросын "С-400" цогцолбор НАТО-гийн техниктэй нийцэхгүй. Тэдгээр нь НАТО-гийн технологийн аюулгүй байдалд заналхийлж байгаа бөгөөд НАТО-гийн холбоотны хувиар Туркийн хүлээсэн үүрэгтэй нийцэхгүй байна” гэж Прайс сэтгүүлчдэд мэдэгджээ.


Тэрбээр Оросын зэвсгийг худалдан авсантай холбоотойгоор АНУ Туркт хориг арга хэмжээ авсныг сануулжээ. “Бид эдгээр цогцолборыг хадгалахгүй байхыг Туркт уриалсан бөгөөд цаашид ч уриалсаар байх болно" гэж АНУ-ын Төрийн департаментын албан тушаалтан хэлсэн байна. 


ОХУ-ын зенитийн пуужингийн "С-400" цогцолборыг Туркт 2019 оны долоодугаар сард нийлүүлж эхэлсэн юм. Турк улс Оросоос 2.5 тэрбум ам.долларын өртөг бүхий ийм систем худалдан авахаар тохиролцсон нь НАТО-гийн холбоотнууд болох АНУ, Турк улсын хооронд үл ойлголцол үүсгээд байгаа билээ. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Анкара Оросын системээс татгалзахгүй гэдгийг удаа дараа мэдэгдсэн. Уг цогцолборыг худалдан авсантай холбогдуулан Вашингтон Туркт хориг арга хэмжээ авсан юм.


Холбоотой мэдээ