ЕХ: Бүх ард түмний хурал Беларусь дахь нөхцөл байдлыг зохицуулахгүй

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-02-10 20:16:52

БЕРЛИН. /DW/. Беларусийн эрх баригчдын хоёрдугаар сарын 11-12-нд зохион байгуулах гэж буй бүх ард түмний зургадугаар хурлыг Александр Лукашенко жагсагчид болон сөрөг хүчнийхэнтэй яриа хэлэлцээ эхлүүлэх гэсэн оролдлого бус харин зохион байгуулалттай үйл явдал гэж Европын Холбооны /ЕХ/ эрх баригчид үзэж байна.


Энэ удаагийн хурлын талаар албан ёсны мэдээлэл бага байгаа бөгөөд өмнөхөөсөө ялгаатай нь одоогийн хурлын үеэр зөвхөн эдийн засаг төдийгүй улс төрийн асуудлуудад анхаарал хандуулна.


“Ардчилсан хууль ёсны эрхгүй Александр Лукашенко Беларусийн “бүх ардын түмний зургадугаар хурал" гэгчийг хоёрдугаар сарын 11-12-нд хуралдуулах гэж буйг бид мэднэ” гэж ЕХ-ны гадаад бодлогын байгууллагын албан ёсны төлөөлөгч Питер Стано “DW”-д мэдэгджээ. Мөн энэ форумын үүрэг, эрх зүйн байдал тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд Үндсэн хуульд нь Беларусийн бүх ард түмний хурлын талаар заалт байдаггүй гэж тэрбээр нэмж хэлэв.


Стано ЕХ-ны баримталж буй байр суурийг дахин сануулаад, Беларусийн ард түмэн улс орныхоо ирээдүйг тодорхойлох боломжтой байх ёстой бөгөөд "хэлмэгдүүлэлт, шийтгэл, хавчлага, эрүүдэн шүүлтийн объект” байх ёсгүй гэдгийг онцлон тэмдэглэв. "Тиймээс бид "ард түмний хурал" гэгчийг Беларусь дахь нөхцөл байдлыг хууль ёсны дагуу зохицуулах арга зам гэж үзэхгүй байгаа бөгөөд тус улсын эрх баригчдад хандан бодиттой, бүхнийг хамруулсан үндэсний яриа хэлэлцээг нэн даруй эхлүүлж, дараа нь ил тод, итгэл хүлээсэн сонгууль явуулахыг уриалж байна” гэж ЕХ-ны төлөөлөгч мэдэгджээ. Питер Стано мөн ЕХ-ны төлөөлөгчид хуралд оролцохгүй гэдгийг мэдэгдэв. "Гэхдээ бид хурлын явцыг анхааралтай ажиглана” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


Холбоотой мэдээ