Дэлхийг байлдан дагуулсан фолк металл дайчид

Дэлхийд | Соёл урлаг
khulan@montsame.gov.mn
2021-02-10 14:53:42

ЛОНДОН. /Louder Sound/. Монголын нэрд гараагүй металл хамтлаг хэрхэн энэ арваны хамгийн гайхам амжилтын түүхийг бүтээв?


ХҮ! ХҮ! ХҮ!” 2019 онд Их Британийн “Download” рок хөгжмийн фестивалын үеэр бямба гаргийн үдийн үед “Donington” хүрээлэнгээс нэгэн чанга чимээ дуулдана. Энэ чимээ “SLAAAAAAAYYYYYYYYYERRRRR!” биш бөгөөд Керри Кинг болон түүний хамтлагийнхан маргааш хүртэл тоглохгүй хуваарьтай. Харин лавшруулан сонсвол Их Британид анх удаагаа хүрэлцэн ирээд буй Монголын фолк металл хамтлаг болох “Хү”-г үзэхээр цугларсан металл урсгалыг шүтэн бишрэгч олон мянган залуус энэхүү чимээг гаргаж байх юм. Хамтлагийн гишүүд тайзан дээр гарч ирээ ч үгүй байхад тэд ийнхүү хашхирч байлаа.


Цахим сүлжээнд нэр хүнд нь улам өсөж байгааг үл харгалзан “Хү” энэ бүхнийг гайхаж хүлээн авчээ. “Бид “Цаашид юу болох бол? Хүмүүс бидний хөгжмийг хэрхэн хүлээн авах бол?” гэдэгт санаа зовниж байсан гэж хамтлагийн гоцлол дуучин Галаа “Zoom” хавсралтаар дамжуулан ярилцлага өгөх үеэрээ хамтлагийн орчуулагч, өөрийн ах Тугагаар дамжуулан хэлжээ. “Бид хамгийн сүүлийн дуугаа тоглох үедээ ч урдуур байгаа хүмүүсийг л харж байсан. Тухайн үед тоглолтын талбайн багтаамжаас хэтэрсэн хүмүүс цугласан байсныг гэрэл зургуудаас л харсан” гэж тэрбээр дурсжээ.


Өрнөдийн металл урсгалыг Монголын үндэсний хөгжмийн зэмсгүүд, хөөмийтэй хослуулсан “Хү” өөрсдийн хөгжмийн хэв маягийг “Хүннү рок” хэмээн нэрлэсэн нь “хүн” хэмээх утгатай юм. Энэ нь Монгол хүн байх тухай бус хүн байх гэсэн нийтлэг утгыг агуулж байгааг хамтлагийн товшуурчин Тэмка өнгөрсөн онд “The Guardian” сонинд ярилцлага өгөх үеэрээ тайлбарлажээ.


Rammstein”, “Babymetal” зэрэг нэртэй хамтлагуудын нэгэн адил хэлтэй холбоотой бэрхшээлийг даван туулж чадсан “Хү” хамтлаг Монголынхоо соёл, түүхийн талаар дуулж, эх хэлээрээ уран бүтээлээрээ туурвиж, дэлхий дахины металл урсгалыг шүтэн бишрэгчдийн анхаарлыг татаад байна.


“Туурвиж буй хөгжимтэй маань хүмүүс хэрхэн холбогдож байгаа нь биднийг гайхшруулсан. Бид өөрсдийгөө цагаа олсон гэж боддог. Рок ертөнц ямар нэгэн өөр зүйлээр дутагдаж байх тэр үед бид өвөрмөц хэв маягтайгаар гарч ирсэн. Хөгжим бол дэлхий нийтийн хэл билээ” гэж Жаяа ярьжээ.


“Хү”-гийн уран бүтээлүүдийн тоон үзүүлэлт гайхалтайгаар өссөн. Тухайлбал, “Yuve Yuve Yu” нэртэй анхны уран бүтээлээ 2018 оны наймдугаар сард “YouTube” цахим хуудсанд байршуулснаас нь хойш уг дууны клипийг 63 сая гаруй удаа үзээд байна. Мөн “Wolf Totem” нэртэй дуу нь 44 сая гаруй хандалт авчээ. “Хү” энэ байдлаараа “Architects”, “Parkway Drive” төдийгүй Slayer” хамтлагийн уран бүтээлүүдийн “YouTube” дэх үзүүлэлтийг ардаа орхих төлөвтэй байна. Мөн “Хү”-гийн “Hu’s In The Kitchen” хэмээх нэртэй цуврал дүрс бичлэгүүдийг нь ч олон зуун мянган удаа үзээд байна.


“Хү” 2019 онд “Better Noise” компанитай гэрээ байгуулсан юм. Энэхүү компани нь ”Papa Roach, Five Danger Death Punch” зэрэг хамтлагтай хамтран ажиллаж байсан туршлагатай. “Хү” Хойд Америкт томоохон аялан тоглолтоо хийхэд бэлдэж, “Гэрэг” нэртэй анхны цомгоо гаргасан. Мөн “Yuve Yuve Yu ” дуугаа “From Ashes To New” хамтлагийн дуучин Дэнни Кейстэй, “Wolf Totem” дууныхаа шинэ хувилбарыг “Papa Roach” хамтлагийн Жейкоби Шеддикстэй хамтран гаргасан юм. Түүнчлэн 2020 онд “Song Of Women” нэртэй дууг “Halestorm” хамтлагийн Лззи Хейлтэй хамтран туурвисан. Үүний зэрэгцээ “Metallica” хамтлагийн “Sad But True” дууг уран зөгнөлт клиптэйгээр шинэчлэн гаргасан билээ.



Мөн “Хү” зөвхөн рок ертөнцөд танигдаад зогсохгүй компьютерын тоглоом хөгжүүлэгч студи болох “Respawn Entertainment”-аас 2019 онд “Star Wars Jedi: Fallen Order” тоглоомын дууг бүтээхэд хамтран ажиллах санал авчээ. Ийнхүү “Respawn”, “Lucasfilm” компанитай хамтран “Sugaan Essena” дууг гаргасан бөгөөд тоглоомонд зориулан зохиомол, харийн мэт хэлээр дуулжээ. Үүнээс үзэхэд тэдний хүрэх оргил хязгааргүй мэт санагдаж байна.


“Бид хаа яваа газраа олны хайр хүндлэл, дэмжлэгийг мэдрэх болсон. Манай хамтлагийн хувьд хилийн чанад дахь анхны тайз маань Германы “Rock Im Park” фестивал байсан. Эхний үзүүлбэр үдэд эхлэх байсан боловч үд гэхэд хэн ч ирээгүй. Тиймээс бид хэчнээн хүн тоглолт үзэхийг мэдэж ядан магадгүй тав, арван хүн л үзэх байх гэж бодож байсан боловч уран бүтээлээ толилуулах гэж байгаадаа баяртай байсан. Гэтэл биднийг тайзан дээр гарах үед үзэгчид дүүрчихсэн байсан. Тэд биднийг хүлээн Хү! Хү! Хү! хэмээн хашхирч байсан. Амьд тоглолтыг маань үзэж байгаагүй хэдий ч үзэгчид олон жилийн түүхтэй супер рок хамтлагийг хүлээж байгаа юм шиг л байсан” гэж Жаяа дурсан ярьжээ.


Хэдийгээр тэд хаа нэгтэйгээс гараад ирсэн мэт санагдаж болох ч “Хү” хамтлагийнхан урт хугацааны турш хөдөлмөрлөжээ. Галаа, Тэмка нар 11 настайдаа сургууль дээрээ танилцсанаасаа хойш найзууд болсон бол Галаа Жаяа, Энкүш нартай нэг хамтлагт тоглодог байжээ. Дөрвөн залуу бүгд Монгол Улсын Хөгжим, бүжгийн консерваторид мэргэжил эзэмшжээ. Энэхүү сургуульд тэд хөөмийлөх урлагт суралцсан бөгөөд Жаяа мөн багшилдаг байжээ. “Бидний энд зогсож байгаа нь тохиолдлын зүйл биш. Бид чадвараа сайжруулахад дор хаяж 20 жилийг зориулсан” гэж Жаяа хэлжээ. Монголд 1992 оныг хүртэл өрнөдийн хөгжим сонсохыг хориглодог байсан хэдий ч тухайн үеийн хамтлагууд ч хил хязгаарыг давдаг байсныг тэрбээр дурсан ярьсан байна.


1990-ээд оны үед төрсөн “Хү” хамтлагийн гишүүд “Metallica, Rammstein, System Of A Down”, Queen” хамтлагийг сонсож өсжээ. Мөн “Харанга”, “Алтан ураг”, “Тэнгэрийн хөлөг” зэрэг олон рок хамтлаг Монголд байгуулагдсан боловч “Хү” шиг олон улсын тавцанд амжилт олоогүй байна. 2016 онд хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч Дашдондог Галаатай хамтарч, хожим нь түүний найзуудыг элсүүлснээр хамтлагаа байгуулжээ.



“Дашка агуу санааг тархиндаа хэдийнээ боловсруулсан байсан боловч хөгжим бүтээх бол олон үе шат бүхий ажиллагаа юм. Хэний ч хийж байгаагүй зүйлийг олно гэдэг амаргүй. Бид яг юу хайж байгаагаа ч мэдэхгүй байсан боловч эцэст нь яг тэр зүйлээ олсон” гэж Галаа тайлбарлан ярьжээ. Ийнхүү Өрнө, Дорно, эрт цаг, орчин үеийн хослолыг бий болгосон байна. “Гэрэг” хэмээх анхны цомгийнхоо олон дуунд “Хү” эртний түүх, өвөг дээдсийнхээ талаар өгүүлсэн юм.  


“Морин хуур бол өвөг дээдсийн маань олон мянган жилийн турш тоглож ирсэн уламжлалт хөгжмийн зэмсэг. Энэхүү хөгжим нь морь, морьтон баатруудын түүхийг холбодог бөгөөд бидний хөгжмийн хамгийн чухал зэмсэг” гэж тэрбээр онцлон хэлжээ. Мөн хөөмийн талаар хэлэхдээ, өвөг дээдэс маань байгальтайгаа харилцахдаа ус салхины чимээг дуурайдаг байснаас үүдэлтэй гэжээ. “Монголчуудын хувьд байгаль дэлхийгээ хамгаалан хүндэтгэх нь маш чухал тул бид энэхүү соёлоо дэлхий дахинтай хуваалцахыг хүсдэг” гэж нэмж хэлсэн байна.


Мөн эх орныхоо үзэсгэлэнт байгалийг сурталчлан таниулах гэсэн тэдний эрмэлзлэл ч сайшаал хүртжээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн онд “Хү” хамтлагийнханд “Чингис хааны одон” гардуулсан юм. Монгол Улсдаа хамгийн хүндтэйд тооцогдох энэхүү шагналыг нэртэй улстөрчид, гавьяа байгуулсан яруу найрагчид, дуучид, тамирчдад олгодог боловч өдийг хүртэл хамтлагт өгч байгаагүй ажээ. “Энэхүү явдал бидний хувьд нэр төрийн хэрэг байсан. Биднээс өмнө 11 хүн “Чингис хааны одон”-гоор шагнуулж байсан бол бид хамтлагуудаас анх удаагаа хүртсэн” гэж Галаа ярьжээ.



“Хү”-гийн хувьд 2020 он амжилттай жил болж өнгөрөх байсан юм. Тухайлбал, тэд Америк, Латин Америкийн “Lollapalooza” фестивалуудад оролцож, “Coachella” хөгжмийн наадамд уран бүтээлээ толилуулахаар болоод байсан. Гэвч “COVID-19” халдвар тархсаны улмаас бүгд хойшлогдсон билээ. Гэсэн хэдий ч хамтлагийнхан 2021 оныхоо төлөвлөгөөг боловсруулж байна. Тэд дээр дурдсан арга хэмжээнүүддээ оролцохыг эрмэлзэж байгаагаас гадна ирэх зун Европт хийх тоглолтуудынхаа хуваарийг танилцуулаад байна. Мөн “Star Wars Jedi: Fallen Order” тоглоомонд зориулсан шинэ дуунуудаа гаргана. Мэдээж “Гэрэг”-ийн дараагийн цомгийг гаргах уу гэдэг асуулт ч мөн олон нийтийн сонирхлыг татаж байна.


“Бид хоёр дахь цомгон дээрээ ажиллаж байгаа, студид маш их цагийг өнгөрүүлж байна” гэж Галаа инээмсэглэн хэлээд, “Хү” 2021 оны хагас гэхэд хоёр дахь цомгоо гаргахаар төлөвлөж байгааг задлан хэлжээ. Гэсэн хэдий ч хэн нэгэн уран бүтээлчтэй хамтран бүтээл гаргах эсэх гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байна. “Шинэ дуунууд яг л “Хү”-гийн төрүүлдэг мэдрэмжийг өгөх болно. Бид одоо хийж байгаа бүхнээ үргэлжлүүлэх болно. Мэдээж үргэлж шинийг эрэлхийлдэг тул өөр санаануудыг тусгана. Бид өөрсдийн хэв маягаа ер бусын гэж үздэг бөгөөд тохирох ангилал байгаагүй учраас “Хүннү рок” гэж нэрлэсэн юм” гэж Галаа хэлжээ.  

Холбоотой мэдээ