Малчдад 340 тонн өвсийг үнэгүй олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-02-10 11:28:59

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн малчдад улсын нөөцөөс өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэхээр боллоо. Аймгийн Засаг дарга Д.Бауыржан холбогдох байгууллагуудтай зөвлөлдсөний үндсэнд энэ сарын 9-ний өдөр дээрх шийдвэрийг гаргалаа.   

Цар тахлын улмаас энэ жил тус аймагт өвс, тэжээлийн үнэ өмнөх жилүүдтэй харьцуулахад үнэтэй байгаа. Тийм учраас малчдад дэмжлэг болгож аймгийн Онцгой байдлын газрын 159 дүгээр салбар цэгт байгаа нөөцөөс 340 тонн өвсийг үнэгүй, 2191 уут тэжээлийг тогтоосон үнээр худалдахаар болж байна.

Өвс тэжээлийг Алтай, Буянт, Дэлүүн, Толбо сум улсын нөөцийн 159 дүгээр салбарын 024 дүгээр цэгээс, Алтанцөгц,  Баяннуур, Бугат, Ногооннуур, Цагааннуур тосгоны малчид 159 дүгээр салбараас, Сагсай, Улаанхус, Цэнгэл сум 159 дүгээр салбарын 070 дугаар цэгээс  тус тус татан авах юм.

Харин аймгийн нөөцөд байгаа өвс тэжээлийг Өлгий сумын иргэдэд олгохоор шийдвэрлэлээ.

Холбоотой мэдээ