Өрхийн ус хангамж, ариун цэврийн байгууламжийн судалгааг үргэлжлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ны дарга Б.Батдаваа, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Алекс Хайкенс болон албаны хүмүүстэй цахимаар уулзлаа.
Уулзалтын үеэр ҮСХ, НҮБ-ын Хүүхдийн сан хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцаж, “Ковид-19” цар тахлын үед тэргүүн шугамд ажиллаж буй хүүхэдтэй төрийн албан хаагчдын нөхцөл байдлын судалгаа, 2020-2021 онд хэрэгжүүлж буй “Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаа (ОҮБТС+) хийж байгаа нь цаг үеэ олсон ач холбогдолтойг онцолж, санал солилцлоо.
НҮБ-ын Хүүхдийн сангаас Баянхонгор, Завхан, Говь-Алтай
аймагт 3 жилийн хугацаатай “Өрхийн ус хангамж, ариун цэврийн байгууламж”-ийг
тодорхойлох судалгааг 2019, 2020 онд хамтран хийснийгээ энэ онд үргэлжлүүлэх юм.
“Ковид-19” цар тахлын үед тэргүүн шугамд ажиллаж буй төрийн албан хаагчдын хүүхдийн аюулгүй байдал, нөхцөл байдлыг сайжруулах, өрхийн ус хангамж, ариун цэврийн байгууламжийн асуудалд анхаарах шаардлагатайг НҮБ-ын Хүүхдийн сангийнхан тэмдэглэн хэллээ.
Мөн тоон мэдээллийн чанарыг сайжруулах, хүүхэд хамгаалал, тогтвортой хөгжлийн зорилтын хүүхэдтэй холбоотой шалгуур үзүүлэлтийн мэдээллийг сайжруулахад хамтран ажиллах талаар саналаа солилцов.
Уулзалтад ҮСХ-ноос Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, ГХХАХ-ийн дарга Г.Отгонбаяр, НҮБ-ын Хүүхдийн сангийн Хяналт, үнэлгээний мэргэжилтэн Д.Хүрэлмаа, Ус, ариун цэвэр, эрүүл ахуйн мэргэжилтэн Н.Батнасан, Хүүхэд хамгааллын мэргэжилтэн Д.Амараа оролцов.