“Pfizer” вакцинаа Энэтхэгт бүртгүүлэх хүсэлтээ буцааж татжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ВАШИНГТОН. /Reuters/. Германы "BioNTech" компанитай хамтран коронавирусний вакцин гарган авсан Америкийн “Pfizer” компани вакцинаа Энэтхэгт бүртгүүлэх хүсэлтээ буцааж татжээ.
"Reuters" агентлагийн мэдээлснээр, тус компанийн ажилтнууд лхагва гарагт эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хуваарилах асуудлыг зохицуулдаг Энэтхэгийн эрх баригчдын төлөөлөлтэй хийсэн уулзалтын дараа хүсэлтээ буцааж татсан байна.
Энэтхэгийн зохицуулагч агентлагт вакцины талаар нэмэлт мэдээлэл шаардлагатай байгаатай холбогдуулан хүсэлтийг буцааж татах шийдвэр гаргасан гэж компанийн мэдэгдэлд дурджээ. Түүнчлэн хэсэг хугацааны дараа шаардлагатай байгаа нэмэлт мэдээллийн хамт хүсэлтээ дахин хүргүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.