ДЭМБ-ын онлайн сургалтад 120 гаруй монгол эмч хамрагджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын баталсан дархлаажуулах төлөвлөгөөний дагуу, манай улс хүн амынхаа тодорхой хувийг коронавирусний вакцинд хамруулахаар ажиллаж байна.
Вакцин оруулж ирэх асуудлаар ноднин долоодугаар сараас хойш тухайн үеийн Сангийн сайдаар ахлуулсан комисс байгуулагдаж маш олон төрлийн эх үүсвэрийг судалж буйг ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр онцлов. Энэ хүрээнд олон улсын хамтарсан КОВАКС хөтөлбөр болон бусад хандивлагч орнуудтай ЭМЯ, ГХЯ, УОК-оос яриа хэлэлцээ хийж байгаа юм.
ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл, "Ноднин 12 дугаар сард мэдээлж байсанчлан нэгдүгээр улиралд багтаан Монгол Улс вакцин оруулж ирж хүн амаа дархлаажуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Шадар сайд болон Эрүүл мэндийн сайдын хүн амыг дархлаажуулах төлөвлөгөө гарсан.
Өчигдөр бүх аймгийн онцгой комиссын дарга, эрүүл мэндийн ажилтнуудыг дархлаажуулалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах тухай сургалтад хамруулсан.
ДЭМБ-аас манай 120 гаруй эмчийг мөн онлайн сургалтад хамруулсан" хэмээсэн юм.
Ташрамд дурдахад, Монгол Улс ДЭМБ-ын дэргэдэх “КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эхний удиралд вакцин нийлүүлэх орны жагсаалтад багтсан байна. Манай улс 2021 оны нэгдүгээр улиралд “COVAX” хөтөлбөрийн хүрээнд “AstraZeneca”-гийн 163 мянган тун, “Pfizer”-ийн 25 мянган тун нийт 188 мянган тун вакцин хүлээн авах төлөвтэй байгаа юм.