“Moderna”-гийн вакциныг Азийн орнуудаас Сингапур түрүүлж бүртгэлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
СИНГАПУР. /Reuters/. Сингапур “Moderna” компанийн коронавирусний вакциныг бүртгэсэн Азийн анхны улс боллоо гэж "Reuters" агентлаг мэдээлэв.
Сингапурын эрх баригчид вакцины эхний багцыг гуравдугаар сард “Moderna” компаниас хүлээн авах төлөвтэй байна.
Тус улс “Pfizer” компанийн вакцинаас хэдийнээ нөөцлөөд байгаа бөгөөд өнгөрсөн оны 12 дугаар сард хэрэглэхийг зөвшөөрсөн юм. Түүнчлэн Хятадын “Sinovac” компанитай гэрээ байгуулжээ.
Сингапурт эмч, агаарын тээврийн ажилтнууд зэрэг халдвар авах эрсдэлтэй бүлгийн 175 мянга гаруй хүн вакцины эхний тунг хийлгэжээ. Эрх баригчид 2021 оны гуравдугаар улирал гэхэд Сингапурын нийт хүн амыг вакцинжуулахаар төлөвлөсөн байна. Тус улсад вакцинжуулалтыг сайн дурын үндсэн дээр, үнэ төлбөргүй хийж байгаа юм.
5.7 сая орчим хүн амтай Сингапурт цар тахал дэгдсэнээс хойш 59 мянган хүн халдвар авсан бол 29 хүн нас баржээ.