Монголын хараагүй массажистуудын холбооны төлөөлөлтэй уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Монголын хараагүй массажистуудын холбооны төлөөлөлтэй өнөөдөр уулзаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хууль тогтоомж, хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгт тус холбооны төлөөллийг оролцуулахаар болов.
Мөн тэдний ажил, амьдралд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.
Монголын хараагүйчүүдийн
холбоо нь Бэст массаж сүлжээг байгуулсан бөгөөд улсын хэмжээнд бариа заслын
үйлчилгээ үзүүлдэг 30 гаруй байгууллага, 300 гаруй бариа засалчид үйл ажиллагаа
явуулж байгаа юм.
Хөдөлмөр, нийгмийн
хамгааллын яамнаас 2021 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар дор дурдсан
арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Тухайлбал, Хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрийг шинэчлэн баталж,
хэрэгжүүлнэ. АХБ-ны зээлээр хэрэгжүүлж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн
оролцоог дэмжих, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ. Ази,
Номхон далайн эдийн засаг нийгмийн комисс /ESCAP/-той хамтран хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг
төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах юм. Мөн ХБИ-дийн хөдөлмөр эрхлэлтийн
зарим шинэ төрлийн үйлчилгээг туршиж, Мэргэжлийн боловсрол, сургалтын
байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудыг сургах зэрэг чиглэлээр
хамтран ажиллана.
Түүнчлэн хөгжлийн
бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Саадгүй
байдал хүртээмжийн тухай хуулийг боловсруулж батлуулах зэрэг ажлыг
хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Энэ удаагийн уулзалтад сайд
А.Ариунзаяа болон холбогдох албан тушаалтнууд, Монголын хараагүйчүүдийн үндэсний
холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл, Хараагүй массажистуудын холбооны ерөнхийлөгч
Э.Батхишиг, дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, МХҮХ-ны дэргэдэх МСҮТ-ийн захирал
Б.Ганзориг, эмчилгээний бариа заслын багш Б.Энхмандах нар оролцлоо.