Энхтайвны галт бамбар Сүхбаатар аймагт ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-06-07 15:09:20

Энх тайвны гүйлтэнд оролцогч Монгол Улсын баг тамирчид өчигдөр буюу 2016 оны 6 сарын 6-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод хүрэлцэн ирлээ. 18 хүний брэлдэхүүнтэй баг энхийн галт бамбарыг БНХАУ-ын Хөлөн буйр аймгийн Шин Жүн баруун хошууны Амгаланбаатар хотоос өртөөлөн ийнхүү дөрөв дэх хоногтоо явж байна.

Тэд Дорнод аймгийн Халх гол, Матад сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумдаар дамжаад Сүхбаатарт ирсэн нь энэ юм. Гүйлтийн баг тамирчдыг Сүхбаатар аймгийн БТСГ-ын хамт олон болон нутгийн ард иргэд их жанжныхаа талбай дээр халуун дотноор хүлээн авлаа.

Монголын гүйгчид өмнө нь ингэж Сүхбаатар аймагт буудаллаж байгаагүй, харин Түмэнцогт сумаар хоёр удаа дамжин өнгөрч байжээ.

Уг гүйлт нь хоёр жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд дэлхийн 150 гаруй улс оронд энхийн бамбар аялаад байгаа юм. Харин Монгол Улс энхийн гүйлтэнд 1995 оноос хойш нэгдэн оржээ.

Гүйлтийн гол зорилго бол дэлхийн улс орнуудын эв нэгдлийг спортоор дамжуулан бэхжүүлэхэд чиглэдэг байна. Монгол Улсын баг тамирчид энхийн бамбарыг хамгийн сүүлд Казахстан улсын Хоргос боомтод хүргэх юм.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ