Балбад коронавирусний эсрэг вакцинжуулалт эхэлжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-01-28 15:02:17

КАТМАНДУ. /Kyodo/. Балбад коронавирусний эсрэг вакцинжуулалтыг лхагва гарагт эхлүүлжээ. Тус улсад "COVID-19" халдварын 270 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 2000 гаруй хүн нас барсан байна. 


Балба хөрш Энэтхэг улсаас саяхан хандивласан нэг сая тун вакцинаар эхний ээлжид эмнэлгийн ажилтнууд, ариутгалын ажилтнууд, аюулаас хамгаалах хүчний алба хаагчид зэрэг 430 мянга орчим хүнийг дархлаажуулах ажээ.


Энэтхэгээс хандивласан “Covishield” вакциныг Их Британийн “AstraZeneca” компани, Оксфордын их сургууль хамтран гарган авсан бөгөөд Энэтхэгийн “Serum” хүрээлэнд үйлдвэрлэж байгаа юм.


Балба энэ сарын эхээр уг вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгожээ. Тус улс нь 29 сая хүн амынхаа 70 хувийг дархлаажуулахыг зорьж байгаа ажээ.


Балбын Ерөнхий сайд Хадга Прасад Шарма Оли улс орондоо вакцинжуулалтыг эрт эхлүүлэх боломж бүрдүүлсэн Энэтхэг улсад талархаж байгаагаа лхагва гарагт илэрхийлсэн байна.


Мөн Засгийн газар вакцинжуулалтын хоёр, гурав, дөрөв дэх ээлжид ашиглах вакциныг авахын төлөө ажиллаж байгааг мэдэгдээд, ирэх гурван сарын хугацаанд бүх хүнийг вакцинцуулах боломжтой болно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Холбоотой мэдээ