Ж.Байден уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухай захирамжуудад гарын үсэг зурав

Дэлхийд | Байгаль орчин
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-28 09:19:19

ЛОНДОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухай хэд хэдэн захирамжид гарын үсэг зуржээ.


Тухайлбал, АНУ-ын Засгийн газар холбооны газар нутагт газрын тос, хийн өрөмдлөг хийхэд зөвшөөрөл олгохоо зогсоохыг баримт бичигт тусгав.


Ж.Байдены шийдвэрээр 2023 он гэхэд АНУ-ын задгай тэнгист суурилагдсан салхин цахилгаан станцуудад үйлдвэрлэгдэх эрчим хүчний хэмжээ хоёр дахин нэмэгдэх ёстой аж.


Өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын явуулж байсан бодлогыг яг эсрэг чиглэсэн энэ арга хэмжээг нь эрчим хүчний салбарын олон хүн эсэргүүцэж байна.

 

“Өнөөдөр Цагаан ордонд уур амьсгалын өдөр тохиож байна. Уур амьсгалын хямралтай тэмцэх үйл явцыг бид хэтэрхий сунжруулсан учир цаашид хүлээх шаардлагагүй” хэмээн тэрбээр гарын үсэг зурах үеэрээ мэдэгдсэн байна.


Уур амьсгалын хямралтай тэмцэх асуудлаар АНУ дэлхийд тэргүүлэх ёстой хэмээн ерөнхийлөгч мөн мэдэгджээ.


Шинэ засаг захиргаа хүрээлэн буй орчны асуудлыг гадаад бодлогын салшгүй нэг хэсэг болгоно хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жон Керри хэлжээ. Ж.Байден түүнийг уур амьсгалын асуудал хариуцсан тусгай элчээр томилсон юм.


“Уур амьсгалын өөрчлөлтийн илрэл одоо байгаагаас илүү байх боломжгүй. Энэ бол эсэн мэнд үлдэх тухай асуудал юм” хэмээн Парисын уур амьсгалын өөрчлөлтийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурахад чухал үүрэг гүйцэтгэсэн Керри мэдэгдэв.


Энэ хэлэлцээрээс Д.Трампын засаг захиргаа гарч буйгаа зарлаж байсан удаатай ч Ж.Байдены хувьд албан тушаалдаа томилогдсоноос хойш хэлэлцээрт эргэн нэгдсэн хамгийн эхний захирамжуудынх нь нэг байсан юм.


Үүнээс гадна Цагаан ордонд үндэсний уур амьсгалын бодлого хариуцсан тусгай газар байгуулах, жил бүрийн 4 дүгээр сарын 22-ны өдөр тохиодог “Эх дэлхийн өдөр” уур амьсгалын асуудлаар дэлхийн удирдагчдыг оролцуулсан дээд хэмжээний уулзалт явуулахыг захирамжуудад тусгажээ.


АНУ-н шинэ засаг захиргааны мэдэгдэж буйгаар, Ж.Байден дулааралтай тэмцэх асуудлыг АНУ-ын үндэсний аюулгүй байдлын асуудлаас гадна гадаад бодлогын эн тэргүүнд тавигдах асуудал болгохыг зорьж байгаа аж. Уур амьсгалын өөрчлөлт улс орны аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж буй тухай илтгэл бэлтгэхийг тэрбээр тагнуулын албанд үүрэг болгосон байна. 

Холбоотой мэдээ