Авлигын эсрэг хууль, Шүүхийн тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-01-28 09:04:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй.


Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг гэсэн хоёр асуудлыг хэлэлцсэн бөгөөд уг хоригийг дэмжээгүй байна. Уг хуулийг УИХ өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-нд баталсан. Өмнөх хуульд Авлигатай тэмцэх газрын дарга болон дэд даргыг Ерөнхийлөгч санал болгодог байсан. Харин сүүлд оруулсан өөрчлөлтөөр Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайд томилдог байхаар хуульчилж баталсан. Энэ заалтад Ерөнхийлөгч хориг тавьсан юм.


Шүүхийн тухай хуульд ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан УИХ-ын гишүүний ахалсан ажлын баг томилдог байх заалт оруулсан. Энэ нь ШЕЗ болон Шүүхийн сахилгын хороо нь УИХ-аас хараат байгууллага болно гэж Ерөнхийлөгч үзжээ. Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд, УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ өөрчлөхөөр заасан. Гэтэл ШЕЗ, Шүүхийн сахилгын хороо нь УИХ-д шууд ажлаа тайлагнадаг байгууллага биш хэмээн Ерөнхийлөгч хориг тавихдаа онцолсон байна.


Дээрх хоёр хоригийг Хууль зүйн байнгын хороо хүлээн авахыг дэмжсэнгүй.

Холбоотой мэдээ