Отроор яваа малчдад эрүүл мэндийн тусламж үзүүлж байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-01-28 10:38:59

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс отрын бүс нутагт өвөлжиж буй малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

 

Тодруулбал, Говь-Алтай аймгийн өвөлжилт хүндрээд байгаа сумдын малчид, оторчдод эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн, эрүүл мэндийн анхны тусламжийн багц, малын тэжээл хүргэн өгөх ажил өрнөж байгаа билээ. Тэгвэл энэ өдрүүдэд отрын бүс нутаг болох Алтай, Дарви, Хөхморьт, Баян-Уул сум болон бусад суманд оторлон өвөлжиж буй малчин өрхөд эмчийн үзлэг, нийгэм сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж, эрүүл мэндийн анхан шатны тусламжийн багц олгож байгаа тухай нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Хандмаа мэдээлэв. Тэрээр цааш нь хэлэхдээ: “Гэр орноосоо хол ядарсан, эм тариа тасарсан хүмүүс болон жирэмсэн эхчүүд олон байна. Оторчид маш өндөр сэтгэгдэлтэй хүлээн авч талархал илэрхийллээ. Отрын бүс нутгаар цаг агаар хүйтэн, явган шуургатай байна” гэлээ.

Эрүүл мэндийн үзлэг оношилгоог аймгийн Эрүүл мэндийн газар болон сумдын Эрүүл мэндийн төвтэй хамтран явуулж байгаа юм.

Холбоотой мэдээ