Эрдэмтэд хойд зүгийн цагаан хирсний дахин хоёр өндгөн эсэд үр тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2021-01-27 14:20:11

БЕРЛИН. /Reuters/. Олон улсын эрдэмтдийн баг устаж үгүй болохын ирмэгт байгаа хойд зүгийн цагаан хирсний дахин хоёр өндгөн эсэд үр тогтоожээ. Ингэснээр амьдрах чадвартай үр тогтсон хөврөлийн нийт тоо 5 болж нэмэгдсэн байна.


Үр тогтсон хөврөлүүдийг Италийн лабораторид шингэн азотод байрлуулжээ. Эрдэмтэд анхны хоёр үр хөврөлийг өнгөрсөн оны есдүгээр сард бий болгосон бол нэгдүгээр сард дахин нэг өндгөн эсэд үр тогтоосон байна. Үр тогтсон хөврөлүүдийг эм хирснүүдэд шилжүүлэн суулгах юм. Эрдэмтэд ирэх хорин жилд эдгээр амьтдын тоо толгойг сэргээж чадна гэж найдаж байгаа аж. 


Өдгөө дэлхий дээр хоёрхон үлдсэн хойд зүгийн цагаан хирс Кени улсын "Ол Пежета" дархан цаазат газарт хамгаалалтад байгаа бөгөөд Нажин, Фату гэх нэртэй эм хирснүүд юм. Харин Судан нэртэй, дэлхийн хамгийн сүүлчийн эр хирс 2018 оны хавар “Ол Пежета” дархан цаазат газарт 45 настайдаа үхжээ. Эрдэмтэд Нажин, Фату хоёроос авсан өндгөн эсүүдтэй нийлүүлж, үр тогтооход Суданаас авсан генийн материалыг ашиглаж байгаа юм. Хойд зүгийн эм хирснүүд үр төлөө үлдээж чадахгүй болох нь тогтоогдсон учир өмнөд зүгийн эм цагаан хирснүүдэд суулгах аж. Судлаачид үр шилжүүлэн суулгах замаар хойд зүгийн цагаан хирсний анхны үр төлийг гурван жилийн дараа авна гэж найдаж байна.


Хойд зүгийн цагаан хирс нь бусад төрлийн хирснүүдээ бодвол илүү том биетэй. Сэрвээ хүртэлх өндөр нь 2 метрт хүрдэг бол 4-4.5 тонн жин татдаг ажээ. Хоншоор дээрх хоёр эврийнх нь урт ихэвчлэн 1-1.5 метрийн хооронд хэлбэлздэг байна.



Холбоотой мэдээ