Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох саналаа УИХ-д хүргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-01-27 12:45:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох саналаа Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д өнөөдөр хүргүүлсэн байна.


Ерөнхийлөгчийн албан бичигт, “УИХ-ын 2020 оны сонгуулийн дүнгээр байгуулсан Засгийн газрыг огцруулсан тул МАН-аас Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, 2021 оны нэгдүгээр сарын 22-нд Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн дагуу Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох саналыг хүргүүлж байна. Хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү” гэжээ.


Уг саналыг одоо Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх бөгөөд 14.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Уг албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хуралдааны үеэр танилцуулсан юм.
Холбоотой мэдээ