Монгол, Словенийн дипломат паспорт эзэмшигчид 90 хоног харилцан визгүй зорчино

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-01-27 11:23:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газрын хэлэлцээр"-ийг батлав.


Ингэснээр дээрх төрлийн паспорт эзэмшигчид 90 хүртэл хоног харилцан визгүй зорчино. Монгол Улсын дипломат паспорт эзэмшигчид 59 улс, үүний дотор Европын Холбооны гишүүн 17 улсад, албан паспорт эзэмшигчид 53 улс, үүний дотор Европын Холбооны гишүүн 12 улсад визгүй зорчих боломж бүрдлээ.


Мөн хуралдаанаар "Энгийн паспорт эзэмшигчдийг жуулчны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Перу Улсын хэлэлцээр"-ийн төслийг дэмжив. Хэлэлцээрт гарын үсэг зурснаар хоёр улсын иргэд 90 хоногоос хэтрэхгүй харилцан визгүй зорчих юм. Монгол Улсын энгийн паспорттой иргэд 24 улс, үүнээс Латин Америкийн Бразил, Уругвай, Чили, Аргентин, Куба, Эквадор Улсад визгүй зорчиж байна.


Мөн Дэлхийн худалдааны байгууллагын "Хамгаалалтын арга хэмжээний тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэх журам"-ыг батлав. Журам нь импортын тухайн барааны хэт их нийлүүлэлтээс дотоодын үйлдвэрлэлд ноцтой хохирол учирсан, учруулах эрсдэл бий болсон эсэхийг хянан магадлах, дүгнэлт гаргах, хамгаалалтын арга хэмжээ авах, арга хэмжээг сунгах, дахин хэрэглэх, хэрэгжилтэд хяналт тавих талуудын оролцоо, эрх, үүргийг  тодорхойлох юм.

Холбоотой мэдээ